УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018 тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлжээ.
Цаг уурын байгууллагын онцлогийн заримаас дурдвал 137 суманд 5 хүнтэй цаг уурын өртөө, 183 суманд нэг хүнтэй цаг уурын харуул ажилладаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааны стандарт, тоног төхөөрөмж нь Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн бусад орны түвшинд ажилладаг. Бусад орны энэ төрлийн байгууллагын тогтолцоо нь босоо байдаг ба манай улс 94 жилийн түүхтэй тус байгууллагын тогтолцоо 1990-ээд оны сүүлээс 2001 он хүртэл хэвтээ тогтолцоотой байсан гэдгийг С.Энхтүвшин дарга тайлбарлалаа.
Энэ байгууллагын бэлтгэж буй мэдээ, мэдээлэл зөвхөн Монгол орны цаг агаарын талаар биш, бүс нутгийн хэмжээний мэдээ, мэдээлэлтэй уялддаг, мөн тус байгууллагын мэдээ мэдээлэл дээр тулгуурлан улс орны хэмжээнд мал аж ахуй, хөдөө аж ахуй, онцгой байдлын үйл ажиллагаа явагддаг гэдгийг Н.Цэрэнбат сайд тайлбарлаад иймд удирдлагын болон хариуцлагын тогтолцоо одоо мөрдөгдөж буйгаараа зохистой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс