Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын өндөр албан тушаалтан циркчин эмэгтэйн "зохимжгүй" хувцаснаас болж халагдав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Саудын Арабын засгийн газар тус улсын Энтертайнмент салбарыг хариуцсан өндөр албан тушаалтныг ажлаас нь халжээ.

Ахмад аль Хатибыг SGEA (Saudi General Entertainment Authority) байгууллагын даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай эзэн хааны зарлигт шалтгааныг нь дурдаагүй байна.

Бусад эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Саудын Арабын нийслэлд зохион байгуулагдсан Оросын циркийн тоглолт дээр эмэгтэй циркчний өмссөн бариу хувцас түүнийг ажлаас халах шалтгаан болсон гэнэ.

Сошиал сүлжээнд иргэд асуудал үүсгэсэн циркчин эмэгтэйн дүрсийг хуваалцаж, хэт хуучинсаг үзэлтэй эрх баригчдаа буруутган шүүмжилж байна.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман улс орондоо шинэчлэл эхлүүлж, олон өөрчлөлт хийгээд байгаа. Жишээ нь энэ сараас эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй болсон бол хэдэн сарын өмнөөс кино театр нээж, бүсгүйчүүдийг спортын танхимд уралдаан тэмцээн үзэх боломжийг нээсэн.

Гэвч өчигдрийн шийдвэр нь тус улсад хуучинсаг ёс халагдах болоогүй байгааг харуулж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэл Рияд хотын эмэгтэйчүүдэд зориулсан фитнес төвийг эрх баригчид хаасан юм. Бие барьсан хувцастай эмэгтэйг сурталчилгаандаа харуулсан нь ингэх шалтгаан болсон байна.

Сая халагдсан Хатиб нь 2016 онд тус улсад нийгмийн өөрчлөлт хийх гол хүч болох Энтертайнмент хариуцсан газрын даргаар томилогдож байв.

Тус байгууллага 2018 онд Саудын Арабт 5,000 гаруй үзвэр, концерт зохион байгуулахаар төлөвлөснөө энэ оны эхээр зарлаж байжээ. Мөн ирэх арван жилд тус улсын энтертайнмент салбарт $64 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP