Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч нь ял авсан гурван хүнийг огт хараагүй гэсэн"

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх үеэрээ С.Зориг агсны гэргий Б.Булганы захидлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлыг ОУПХ олон удаа тавьж байгаа. Энэ хэрэгт өнөөдөр гурван хүн холбогдоод, ял эдэлж буй. Хэргийн цорын ганц амьд гэрч Б.Булган гэдэг хүн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ч биш, ойлгомжгүй байдлалтай байна.

Хэргийг мөрдөн шалгах явцад хууль хяналтын байгууллагууд Мөрдөн шалгах ажиллагаа болон Эрүүгийн хуулийн хүний эрхийг хамгаалах зарчмуудыг гажуудуулсан гэж Хүний эрхийн дэд хорооны гишүүний хувьд дүгнэж байгаа.

Энэ хэргийн цорын ганц амьд гэрч, С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн гурван өндөрлөгт хандсан захидалдаа уг хэргээр ял аваад байгаа гурван хүнийг огт танихгүй, хэзээ ч хараагүй гэдгээ бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгчихсөн байгаа юм.

Амгаланбаатар гэдэг этгээд 16 настайдаа С.Зориг агсныг хөнөөсөн хэмээн мэдүүлж, зөвхөн түүний мэдүүлгээр хоёр хүн ял авсан. Үүнийг ярьсан УИХ-ын гишүүдийг айлган дарамтлах ажиллагааг хууль хяналтын байгуулагууд удаа дараалан хийсэн. Би ард түмний эрх ашгийг нь хамгаална гэж сонгогдсон элч төлөөлөгчийн хувьд шударга ёсны төлөө үгээ хэлэх л болно. Тун удахгүй энэ захидлыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна" хэмээн мэдэгдсэн юм.

30 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОДОГ БАНК ДАМПУУРДАГГҮЙ

Банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийн төслийн тухайд:

"Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлаар байр сууриа илэрхийлэхийг хүсч байна. 510 тэрбум төгрөгийг нөхцөл байдал хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх тухай яригдаж байна. Энэ их хэмжээний хөрөнгөөр банкуудыг бус иргэдээ дэмжих нь зүйтэй гэж би үзэж байгаа. 510 тэрбум төгрөгөөр 510 цэцэрлэг, 510 сургууль барьж болно. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Гэтэл эрх баригч нам ОУВС үүнийг шаардаж байна гэсэн тайлбар тавьж байна. 30 хувийн хүүтэй банк дампуурдаггүй. Японы банкууд 1 хувийн хүүтэй зээл олгодог, Европын холбооны улсуудын банкууд 1-1.5 хувийн хүүтэй зээл олгодог. Гэлээ гээд дампуураагүй.

Мөлжигч систем болж хувирсан Монголын банкууд дампуурахад хүрсэн гэдэгт би итгэхгүй байна.

Харин банк санхүүгийн үйл ажиллагаагаа хууль зөрчиж явуулсны улмаас, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хууль бусаар аж ахуйн нэгж рүү оруулснаас нөхцөл байдал нь хүндэрсэн гэж би харж байгаа.

Банкны салбарын энэ буруу тогтолцоог өөгшүүлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд даргын хувьд дэмжихгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэв.