Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын санал хураалтад дараалан оролцоогүй Монголд Израйльчууд талархаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын ерөнхий ассемблейн чуулганы санал хураалтуудад дараалан Израйлийг дэмжсэн Монгол улсад талархаж байгаа тухай тус улсын “Иерусалем Пост” сонины нийтлэлд бичжээ.

Сүүлийн хагас жилийн хугацаанд Израйлийн эсрэг тогтоол гаргах санал хураалтыг НҮБ гишүүн орнуудынхаа дунд гурван удаа зохион байгуулсан юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ элчин сайдын яамаа Иерусалем хотод нүүлгэх болсон шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлсэн тогтоол гаргахад Монгол улсын төлөөлөгч санал өгөлгүй өнгөрсөн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Палестинчуудын эсрэг Газын зурваст үйлдсэн Израйлийн цэргийн ажиллагааг шүүмжилсэн тогтоол гаргахад мөн л Монголын төлөөлөл эзгүй байсан юм.

Бас тавдугаар сард Женев хотод НҮБ-ын Хүний Эрхийн Комисс Газын зурваст гарсан хүчирхийллийг мөрдөн шалгах хороог байгуулах асуудлаар санал хураахад Монголын тал оролцолгүй бултжээ.

Өөрөөр хэлбэл Израйлийн эсрэг агуулгатай шийдвэр гаргах гурван санал хураалтанд Монголын төлөөлөгч оролцохоос зайлсхийснийг олж бичсэн байна.

Израйлийн гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн хэлтсийн дэд захирал Хагай Шагрир Монголчуудын энэ байр суурьт талархаад “Монгол бол маш найрсаг, үзэл бодол нэгтэй, ардчилсан, Израйлийн хувьд харилцаагаа бэхжүүлэх ёстой орон” гэж тус сонинд ярьжээ.

Байнга Израйлийн бодлогын эсрэг байдаг хоёр том хөршийн дундах жижигхэн Монгол улс ийнхүү бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж байгааг “Иерусалем Пост” сонины нийтлэлд сайшаагаад хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх арга замуудын талаар бичсэн байна.

 

Эх сурвалж: Jpost.com