Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"10,000 айлын орон сууц төслийн 50 хувийг ногоон сангаас үлдсэнийг нь АХБ-наас зээл авна"

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засгийн газрын тамгийн газар,  Азийн  сантай хамтран зохион байгуулсан  Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалт Улаанбаатар хотод хоёр өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө.  

Форумд зургаан  орны 18 хотын удирдлагууд ирж, 300 гаруй төлөөлөгчид “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийг бууруулъя” гэсэн сэдвийн дор байгаль орчин экологийн асуудлыг хөндсөн юм. Форумаас гаргасан шийдвэрийг өнөөдөр танилцууллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/857443797774523/

2020 оны Зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар боллоо

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг байнгын үйл ажиллагаатай болгож хотуудын хэрэгжүүлж буй туршлагаас харилцах мэдээлэл солилцох зорилгоор Улаанбаатар хотод нарийн бичгийн дарга нарын төвийг бий болгохоор шийдвэрлэлээ.

Мөн форумыг хоёр жил тутамд  нэг удаа оролцогч улсуудын өрсөлдөх журмаар сонгогдсон нэг хотод зохион байгуулах ба дөрвөн жилд нэг удаа Улаанбаатар хотод болно” гэлээ. 

Дараагийн форумыг зохион байгуулах эрхийн төлөө БНСУ-ын Сөүл хот,  БНХАУ-ын Чанчун хот өрсөлдөж, санал хураалтаар 2020 оны зүүн хойд Азийн хотын дарга нарын уулзалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар болсон байна.

Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын  Сөүл хотын орлогч дарга Юн Жүн Бён “Улаанбаатар хот анхлан санаачилсны дагуу бүс нутагт тулгамдаж буй асуудлыг хамтран шийдэж хамтын гарцыг олж, бие биенээ дэмжиж ажиллавал олон хотод тулгамдаж буй асуудлыг шийдэх боломж байгааг энэ удаагийн чуулганаас олж харлаа. Дараагийн форумыг Сөүлд зохион байгуулахаар болсондоо баяртай байна.

Бид зөвхөн агаарын бохирдлыг багасгах, хүлэмжийн хийн асуудлаар ярилцах биш зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар харилцан орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлаар ярилцах сэдвээ илүү тэлэх болно” гэж хэлэв. 

Үргэлжлүүлэн Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Дэлхийн цаг агаарын өөрчлөлт Монгол Улсын хувьд хүчтэй нөлөөлж байна. Ялангуяа Улаанбаатар хотод маш эмзэг тусч байна. Цөлжилтийг сааруулж, ногоон хотыг хэрхэн бий болгох талаар форумын үеэр хэлэлцсэн ба хөгжиж буй улсын хувьд бусад ногоон хөгжлийн сангуудаас хэрхэн санхүүжилт татаж асуудлаа шийдэх боломжтой талаар илтгэл их сонирхолтой байлаа. Бидэнд агаарын бохирдлоо бууруулж чадсан Бээжин хот болон цаг уурын хувьд ижил төстэй ОХУ-ын туршлагаас суралцах зүйлүүд их байна” гэж хэлэв.  

“УИХ-аар хэлэлцсэн 10,000 айлын “орлогод нийцсэн орон сууц” төслийн санхүүжилтийн 50 хувийг уур амьсгалын ногоон сан, үлдсэн 50 хувийг Азийн хөгжлийн банкнаас хүүгүй, урт хугацаатай зээл авч хийх болно. Хамгийн чухал нь тухайн орон сууц тодорхой хувь нь сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг эсвэл  саарал усаа дахин ашигладаг гэх мэт байгальд ээлтэй байх шаардлага тавьж байгаа юм. Орон сууцанд байгаа айлуудыг ажлын байраар хангах гэх мэт зүйлсийг зөвөөр шийдэж чадвал санхүүжилт татах боломж байгаа”-г Хотын дарга онцолж байсан юм.

Форумын үеэр Токио, Сөүл, Бээжин хотын удирдлагууд Улаанбаатар хотыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн ба форумын үеэр тавьсан бүх  илтгэлийг англи, монгол хэл дээр бэлтгэж олон нийтийн хүртээл болгох аж.