Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Үерт автсан Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна

ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Үерийн улмаас гамшгийн байдал үүссэн Булган аймгийн Хутаг-Өндөр суманд сэргээн босгох ажил хийгдэж байна.

Нөхцөл байдлыг тодруулбал  тус сумын 1-р багийн төвд 2018 оны 6 дугаар сарын 14 -ны орой 20 цаг 18 минутаас эхлэн 20 цаг 48 минутын хооронд хүчтэй аадар бороо орж үер буусны улмаас 128 өрхийн 397 хүн өртөж, 1 хүүхдийн амь нас хохирч, 67 айлын хашаа, 18 гэр, өвлийн сууцны байшин 4, зуны байшин 17 үерт урсаж эвдэрч сүйрчээ.

Малын хувьд: 6 сарын 16-ны байдлаар 2 өрхийн 388 бог мал, үхэр 2, нийт 390 малын сэг зэмийг устгалд оруулан булшилсан байна. 

Урьдчилсан байдлаар 368,038,500 төгрөгийн хохирол учирчээ

Өнөөдрийн байдлаар /өчигдөр/ гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, зургаан төрийн байгууллагад нийтдээ 368,038,500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын Засаг дарга П.Итгэлбаяр энэ үеэр танилцууллаа. 

Түүнчлэн үерийн улмаас голомт дахь бүх айлын бохир усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байна. Сумын хувьд зургаан сая төгрөгийн нөөцтэй, энэ нь хаанаа ч хүрэхгүй тул бензин шатахуунаа зээлээр авч сэргээн босголтын ажлыг явуулж байна. Хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Өнөөдрийн байдлаар сумын удирдлагууд сэргээн босгох үйл ажиллагааг эрчимжүүлэх, гудамж хоорондын замыг шуурхай засаж нээх, ариутгал халдваргүйтгэлийг хийх, шавар лагийг цэвэрлэхэд зориулалтын техникийн хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн үерийн далан суваг байгуулах ажлуудыг ТАХ-ыг дайчлан хийж байна.

Сэргээн босгох, цэвэрлэх үйл ажиллагаанд л гэхэд эхний ээлжинд 10 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай. Мөн улсын чанартай авто зам болон сумын төв доторх хатуу хучилттай замын даланг сэргээн засварлах зэрэг ажлууд тулгамдаж байгааг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ Хутаг-Өндөр суманд ажиллах үеэрээ үерт урсаж амь гарсан иргэд, тэдний гэр бүлтэй уулзаж, үрээ алдсан эцгийн харуусал гунигийг хуваалцаж эмгэнэл илэрхийлж, сэтгэлийн дэм өглөө.

Мөн тэрбээр шаардлагатай байгаа зарим техник хэрэгслийг сэргээн босгох ажилд туслуулахаар Орхон АЗЗА-тай ярьж тохирон замд гаргасан бөгөөд аймаг, сум орон нутгийн удирдлагууд, мөн тухайн нөхцөл байдалд тусламж үзүүлэн ажиллаж буй Булган АЗЗА компаний удирдлагатай цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өглөө гэж ЗТХЯ-наас мэдээллээ.