Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр өглөө Японд газар хөдөлж, гурван хүн амь үрэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Японы баруун хэсэг, Осака мужийн нутагт 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос гурван хүн амь үрэгдэж, олон арван хүн бэртэж гэмтжээ.

Ид ачааллын үед нийтийн тээврийн сүлжээнд саатал гарч, эрчим хүч тасалдсан байна. Газар хөдлөлтийн төв цэг Осака мужийн хойд хэсэгт газрын гадаргаас 13 км гүнд байжээ.

Усан сангийн хана нурснаас Такацукид 9 настай охин дарагдаж амиа алдсан байна. Мөн ижил шалтгаанаар Осакагийн Хигашиёдогава болон Ибаракид 80 гаруй настай хоёр хүн амь үрэгджээ.

Осака, Хёго, Киото, Мие мужуудад олон арван хүн бэртэж гэмтсэн байна. 1923 онд газар хөдлөлтийг Японд бүртгэдэг болсноос хойш тус мужид гарсан хамгийн хүчтэй газар хөдлөлт энэ болсон байна.

60 гаруй хурдан галт тэрэгний аялал цуцлагдаж, зарим хурдны замууд хаагджээ. Канзай, Кобегийн нисэх буудлууд түр хаагдсаны дараа буцаад хэвийн ажиллаж эхэлсэн байна.

Осакагийн 108,000 айл өрхийн хийн хангамж тасалдсан бол мөн Осака болон хөрш Хёго мужийн 170,000 айл өрхийн цахилгаан тасарчээ.

Сүүлийн өдрүүдэд Японд цуврал газар хөдлөлтүүд үргэлжилж байгаа. Өнгөрсөн Бямба гарагт Токиогийн ойролцоо Чибад 4.5 магнитудын хөдлөлт, Ням гарагт Токиогийн хойд хэсэг, өмнөд Гунмад 4.6 магнитудын хөдлөлт тус тус болсон юм.

 

Эх сурвалж: Japan Today