Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Яргачны гарт алагдсан гөлөг Туркийн улс төрчдийг сонгуулийн өмнө нэгтгэв

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Туркийн цагдаа саяхан нохойн гөлөгний дөрвөн мөч, сүүлийг тайрч орхисон аймшигт хэргийн эзнийг баривчилжээ.

Гөлгийг тус улсын баруун хойд Сакаря мужийн Сапанка дүүргийн ойгоос олсон байна. Эрэмдэг болсон гөлөгт мэс засал хийсэн боловч Баасан гарагт шархаа даалгүй амиа алджээ.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр буюу Ням гарагт сонгуулийн цуглаан дээр үг хэлэхдээ алуурчин болох барилгын машины операторыг Бямба гарагт баривчилсан тухай зарласан байна.

Тэр ирэх Ням гарагт болох сонгуулиар хоёр дахь удаагаа Туркийн ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд өрсөлдөж байгаа юм. Өчигдөр Эрдоган үг хэлэхдээ Туркийн амьтны эрхийг хамгаалах хуулийг шинэчлэн сайжруулахаа амласан байна.

“Айл гэрт, гудамжинд ч үйлчлэх хуулийг бид эргэн харж, дахин сайжруулах болно. Алуурчин баривчлагдсан” гэж тэр хэлжээ.

Сонгуульд ширүүн өрсөлдөж, бие биеэ хурцаар шүүмжилж байгаа Туркийн улс төрчид золгүй гөлөгний хэрэг дээр анх удаа бүгд санал нэгдсэн байна. Бүх өрсөлдөгч талууд сошиал сүлжээ, хэвлэл мэдээллээр адилхан байр суурь илэрхийлцгээжээ.

Эрдогантай өрсөлдөж байгаа нэр дэвшигч Мерал Аксенер “Жижиг амьтны эсрэг харгислал үйлдэж байгаа нь манай орны иргэдийн дунд үнэт зүйл алдагдсаныг харуулж байна. Бяцхан гөлгийг зовоосон этгээдийг Бурхан шийтгэнэ гэдэгт найдаж байна” гэж твиттер хуудсандаа бичээд ерөнхийлөгчөөр сонгогдвол амьтны эрхийг хамгаалах хуулийг шинэчлэхээ амласан байна.

Туркийн амьтны эрхийг хамгаалагчид тус улсын хууль харгис этгээдүүдэд хэтэрхий зөөлөн ханддагийг шүүмжилдэг. Амьтны эрхийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлт парламентын хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан ч өнөөдрийг хүртэл тун ахиц муутай байгаа ажээ.

 

Эх сурвалж: Reuters