Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Диего Марадона Азийн хөгжөөн дэмжигчдийг доромжилсон үйлдлээ тайлбарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Хөлбөмбөгийн ДАШТ-ий D хэсгийн багуудын тоглолт болж, Аргентины шигшээ баг Исландын багтай 1:1 харьцаагаар тэнцсэн билээ.

Энэ тоглолтыг хүндэт зочдын суудлаас үзэж байсан Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона нэгэн таагүй үйлдэл хийснийг түүний ойролцоо суусан BBC агентлагийн сэтгүүлчид гэрчилжээ.

Стадионд байсан Өмнөд Солонгосын фэнүүд “Диего” гэж нэрээр нь дуудан хашхирахад Марадона инээмсэглэж, үнсэлт илгээн гар даллаад дараа нь хоёр нүдээ татаж жартайлган харуулсан байна.

Энэ нь гарцаагүй шар арьстнуудыг доромжилсон утга агуулгатай үйлдэл байв. Уг мэдээлэл тарсны дараа Марадона Ням гарагт фэйсбүүк хуудсандаа Испани, Итали, Англи хэлээр тухайн үед юу болсныг тайлбарлажээ.

Аргентины багийн өмсгөлтэй Ази хүүг хараад Марадона “Азийнхан хүртэл биднийг дэмжиж байгааг хараад баярласнаа илэрхийлэх гэж хичээсэн. Үүнээс өөр санаа байгаагүй” гэж бичсэн байна.

FIFA-гийн дүрэм ёсоор бусдыг арьс өнгөөр ялгаварласан агуулгатай үйлдэл хийхийг тоглогч, албаныхан, зохион байгуулагч, фэнүүдэд хориглодог.

Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын багтай Сөүлд тоглохдоо Марадонагийн хийсэнтэй адил үйлдэл үзүүлсэн Колумбын хөлбөмбөгч Эдин Кардонагийн таван нөхөрсөг тоглолтод оролцох эрхийг нь FIFA хасаж байсан юм. Тэр сүүлд уучлал гуйсан ч FIFA нэмж шийтгэн 20,000 швейцарь франкаар торгосон байна.

Марадона өчигдөр мөн стадионд навчин тамхи татаж байсандаа уучлал гуйсан юм. ДАШТ-ий үеэр стадионд тамхи татахыг FIFA хориглодог аж.

Марадона ийм хориг байдгийг мэдээгүй гэдгээ фэйсбүүк хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Associated Press