Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн хаалгач согтууруулах ундааны нэрэмжит шагналыг авахаас татгалзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Египетийн шигшээ баг Уругвайтай ДАШТ-ий анхны тоглолтоо хийж, 1:0 харьцаагаар ялагдсан билээ.

Тэмцээний 89 дэх минутад Уругвайн Хосе Хименезийг гоол хийх хүртэл Египетийн 29 настай хаалгач Мохамед Эл Шенави олон цохилтыг хааж, гавьяа байгуулсан юм.

Тиймээс ДАШТ-ий ивээн тэтгэгчдийн нэг Будвайзер түүнд тухайн тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг олгохоор болсон байна. Гэвч Исламын шашны ёс жаягаа дээдэлдэг Эл Шенави согтууруулах ундааны нэрэмжит шагналыг авахаас татгалзжээ.

Энэ удаагийн ДАШТ-д Исламын шашинтай долоон орны баг оролцож байгаагийн нэг нь Египет юм. Бусад нь Саудын Араб, Морокко, Иран, Тунис, Сенегал, Нигери улсууд ажээ.

Эл Шенави эдгээр улсуудын багаас анхны ийм шагнал авах болсон хүн юм. Тиймээс түүний тогтоосон жишгийг бусад тамирчид дагаж магадгүй байна.

Зөвхөн Исламын орнуудаас бус, мөн бусад орнуудын багт ч муслим тоглогчид бий. Жишээ нь Германы Месут Озил, Францын Пол Погба гэх мэт.

Египетчүүд А хэсгийн хоёр дахь тоглолтоо ирэх Мягмар гарагт ОХУ-тай, дараа нь гурав дах тоглолтоо Даваа гарагт Саудын Арабтай хийх юм.

Тэд хэсгийн эхний тоглолтдоо Ливерпүүлийн од Мохамед Салахгүйгээр тоглосон. Аваргуудын лигийн финалд Реал Мадридтай хийсэн тоглолтоос мөрөндөө гэмтэл авсан Салах дараагийн тоглолтод оролцох төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Russia Today