Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп: Шинзо, Би танайх руу 25 сая Мексик илгээж чадна шүү!

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Канадад болсон Их Долоогийн уулзалтад оролцсон Европын Холбооны зарим төлөөлөгчид уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэн үгсийг хэвлэлд задалжээ.

Дональд Трамп уг уулзалтад хоцорч ирээд дундаас нь буцахдаа бусад улс орнуудын удирдагчдад ихээхэн түрэмгий зан гаргаж, таагүй үгс хэлж байсан гэнэ.

Тэр худалдааны болон цагаачлалын асуудлаар холбоотнуудтайгаа удаан маргалдаж, Японы ерөнхий сайдтай эцэст нь зарим асуудлаар санал нийлснийхээ дараа “За ашгүй, одоо тавын эсрэг хоёр боллоо” гэж хэлж байжээ.

Трамп дүрвэгсдийн асуудлаар ярихдаа Японы ерөнхий сайдад хандан “Шинзо, чамд ийм асуудал байхгүй. Гэхдээ би танайх руу 25 сая Мексик илгээж чадна шүү. Тэгвэл чи тэр дороо ажлаа өгөх байх” гэж хэлсэн байна.

Терроризмийн асуудлаар хэлэлцэх үеэр Трамп Францын ерөнхийлөгч Эммануэл Макронд хандаж “Эммануэл чи энэ талаар сайн мэдэх ёстой. Учир нь Парист бүх төрлийн террористууд байдаг” гэж хэлж байжээ.

Тэр бас АНУ-ын томоохон компаниудын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж байгаа Европын Холбооны комиссар Жан Клод Юнкерийг “зэрлэг алуурчин” гэж нэрлэсэн байна.

Трамп сүүлд Их Долоогийн уулзалтаас гаргасан хамтарсан мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, зохион байгуулагч Канадын ерөнхий сайд Жастин Трюдог “сул дорой”, “хүний мөсгүй” этгээд хэмээн довтолж байсан юм.

Дэлхийн аж үйлдвэржсэн долоон гүрнийг нэгтгэдэг Их Долоогийн (G7) уулзалт өөрийн 42 жилийн түүхэнд ийм эв нэгдэлгүй байж үзээгүй. Дональд Трампын өөрийн зах зээлийг хамгаалах “Америк нэгдүгээрт” протекшнист бодлого ийнхүү холбоотнуудын дунд хагарал үүсэхэд хүргээд байна.

 

Эх сурвалж: Wall Street Journal