Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Гүнбилэг: “60 тэрбумын” гэх энэ асуудал хэд дахин шалгагдсан, гэмт хэрэг биш нь тогтоогдсон

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Д.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсон асуудлыг шалгуултал би чуулгандаа суухгүй гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн. Түүний мэдэгдэлд УИХ-ын даргын улстөрийн бодлогын зөвлөх Б.Гүнбилэг өчигдөр орой тайлбар өгч, мэдээлэл хийлээ.

Тэрбээр "60 тэрбумын бичлэг гэдэг асуудал гурван жил шахам яригдаж байна. Тийм учраас албан ёсоор өгсөн тайлбаруудыг дахин хүргэх нь зүйтэй байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө олон нийтийн дунд, сошиал орчинд 60 тэрбумын гэх аудио бичлэг түгсэн. Энэ бичлэгийг иргэд үнэн, худлаа гэсэн янз бүрийн байр суурьтай байсан, зохих албаны хүмүүс ч тайлбар өгч байсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгээд энэ бол эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна гэдэг нь тогтоогдоод татгалзсан. 

2017 оны тавдугаар сараас эхлэн энэ бичлэг дахин нийтэд түгсэн. Дахин түгсний дараа буюу 2017 оны сонгуулийн дараа долоодугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж АТГ, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийт 3,000 гаруй албан хаагчдын судалгааг хийж, 1,446 албан хаагчийн Төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан байдаг.

УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй түүний зөвлөх н.Ганбаатар, бичлэг дээр дурьдагддаг Доржзодов нарын бичлэгийг сонсоод эрүүгийн гэмт хэргийн шинжгүй байна гэсэн.

Энэ нь бичлэг эвлүүлэг мөн биш гэдгээс гадна АТГ болон бусад хуулийн байгууллагууд хамтарсан комисс гаргаад гэмт хэрэг үйлдэж үү, үгүй юу гэдгийг дахин шалгасан юм.

2014 онд хийгдсэн гэх энэ бичлэг 2016 оны сонгуулийн өмнө гарсан. Мөн 2017 оны сонгуулийн өмнө дахин гардаг нь давтамжтай тодорхой нэг хэсэг хүний зохион байгуулдаг, УИХ-ын дарга М.Энхболд руу дайрсан, нэр хүндэд нь халдсан тохиолдол. Улсын Их хурлын хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга Монгол Улс хариуцлагатай байх ёстой. Хариуцлагыг УИХ өөрөө эхлүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн. Энэ хүрээнд Дэгийн тухай хууль, Үндсэн хуульд хариуцлагын тогтолцоог сайжруулах нэмэлт, өөрчлөлтүүдийг хийж, ярьж эхэлж байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудлыг УИХ-аар шийдвэрлэж байна.

Хариуцлагын тогтолцоо гэдэг бол хуульд нийцсэн, хуулиар шалгагдсан, бүх зүйл нь хуулийн дагуу явагдаж байж итгэл үнэмшилтэй байдаг. 

Дахин хэлэхэд 60 тэрбумын бичлэг сонгуулийн болон бусад үеэр сенсаацлах, болсон үйл явдлыг өөр тийш нь чиглүүлэх хэрэгсэл болж үлдэж байна.

Иргэд хэт их сошиал орчинд автдаг байдлаас салж үнэн зөв мэдээллийг ялгах хэрэгтэй.

Д.Оюун-Эрдэнэ гишүүний хийсэн мэдэгдэлд дурдсан УИХ-ын дарга бүрэн эрхээсээ түдгэлзэж, өөрийнхөө хэргийг шалгуулсны дараа УИХ-ын чуулгандаа сууна гэж байгаа нь хуулийн байгууллагуудаар шалгагдсан ийм зүйлийн талаар мэдээлэлгүй байна уу эсвэл энэ асуудлыг далимдуулж өөр зүйлс дээр олны анхаарлыг татах гээд байна уу гэдэг асуудлыг хэлэх нь зүйтэй юм" гэв.