Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс хорих ял сонссон Рональдо гурван гоолоор нэрээ цэвэрлэлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д болж байгаа Хөлбөмбөгийн ДАШТ-ий B хэсгийн хоёр дахь тоглолт Испани-Португалийн багуудын хооронд болж 3:3 оноогоор тэнцлээ.

Португалийн од Кристиан Рональдо багтаа гурван гоол бэлэглэж, хэсгээсээ шалгарах боломжийг үндсэндээ хангаж байна.

Одоо тэд хэсгийнхээ харьцангуй сул багууд болох Иран, Мороккотой тоглох юм.

Рональдо тоглолтын гурав дахь минутад торгуулийн цохилт гүйцэтгэж гоол хийснээр Португальчууд тэргүүлж эхэлсэн байна. Дараа нь Испаний Диего Коста оноог тэнцүүлсэн боловч эхний үе дуусахын өмнөхөн Рональдо хоёр дахь гоолоо довтолгооноос хийжээ.

Улмаар Испаничууд 3:2 харьцаагаар тэргүүлж байхад 88 дахь минутад Рональдо чөлөөт цохилтоор гурав дахь гоолоо хийж, тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлсэн юм.

Нэг тоглолтонд гурван гоол хийснээр тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хийсэн нийт гоолын тоогоо хоёр дахин үржүүлж байна.

Рональдо өмнөх 2006, 2010, 2014 оны ДАШТ-үүдэд нэг нэг гоол хийгээд байсан юм.

Ингэснээр тэр дараалсан дөрвөн ДАШТ-д гоол хийсэн тамирчин болж байна.

Өчигдөр өглөө тэр татвараас зугтсан хэргээр Испаний шүүхээс 18.8 сая еврогийн торгууль хүлээж, хоёр жил шоронд хоригдох ял сонссон юм. 

Гэхдээ урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй Рональдо Испаний хуулиар тэнсэн авч, шоронд хоригдохгүй юм байна.

 

Эх сурвалж: Russia Today