Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Хөвсгөл, Булган, Дорнодын хойд хэсгээр уруйн үер болох магадлал өндөр байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

2018 оны зургаадугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар ЦУОШГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Энэ оны 3 дугаар сард ихэнх нутгаар дулаахан байсан учраас 4 дүгээр сарын эхэн үеэр ихэнх нутгаар цасгүй болсон. Хуурайшилт энэ жил харьцангуй их байсантай холбоотойгоор үер усанд өртөх тохиолдол байж болдог. Учир нь газрын гадарга хатаж, хуурайшсан учраас гэнэт орсон их хур тунадасыг шингээх чадвар нь багассан байдаг.

Булганы Хутаг-Өндөр сумын хувьд гэвэл нутгийн хойд хэсгээр хөрсний чийг ханасан байдалтай байна. Ялангуяа Хөвсгөл, Булганы хойд, Дорнодын хойд хэсгээр зуншлага гайгүй байгаа газруудад ч хөрсний чийг нь ханасан. Иймд эдгээр аймгуудад уруйн үер болох магадлал маш өндөр болсон байна.

Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт амьдарч байгаа хүмүүс тухайн бүс нутгуудаар түр зуурын аадар бороо орно гэсэн мэдээ өгсөн тохиолдолд аадар борооноос үүсдэг мөндөр хүчтэй салхи, их усан борооны аюулт үзэгдэл үүсч болзошгүйг анхаарах хэрэгтэй” хэмээлээ.

Цаг уурын байдлаас үүдэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ 10-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид Сонсголонгийн гүүр Нисэхийн ар, Зайсан Хар-Усан тохой хүртэл Туул голын орчимд эргүүл хийж, гол усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа юм байна.

Түүнчлэн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээлпээр 6 дугаар сарын эхний арав хоногийн байдлаар Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулс, Увс нуур, Их нууруудын хотгороор 26-30 градус, бусад нутагт 31-39 градус буюу ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим, түүнээс 1.1-3.4 градусаар дулаарч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь нутаг дэвсгэрийн 70 орчим хувь гандах нөхцлийг бүрдүүлээд байгаа ажээ.