Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэг шийдэгдтэл УИХ-ын чуулганд оролцохгүй

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, УИХ дахь Авлигын эсрэг лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  Авлигатай тэмцэх газраас дуудсаны дагуу 15:00 цагт очиж мэдүүлэг өгсөн юм. Гарч ирээд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тагнуулын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурц гомдол гаргасан байна. Өөрийнх нь асуудлыг УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг миний хувьд илэрхийлж байсан. 

Мөн нээлттэй сонсгол хууль зөрчсөн гэж үзэж Ж.Батзандан, Л.Болд гишүүн бид гурваас тодруулга авч байгаа юм байна. Тодруулгыг өнөөдөр дуудсан хугацаанд нь ирж өглөө. 

Миний хувьд нэг зүйл дээр байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй, хаалттай сонсгол гэсэн асуудал дээр АТГ маш зохион байгуулалттай, хурдан ажиллаж чадаж байна. Тэгвэл 60 тэрбумтай холбоотой асуудал дээр өнөөдрийг хүртэл яагаад цэг тавьсан мэдээллийг өгч чадахгүй байгаа юм бэ гэж хэллээ. Эрдэнэтийн 51 хувь, Стандарт банктай холбоотой асуудлыг шалгаад удлаа. Яагаад энэ асуудлаа түдгэлзүүлээд яваад байгаа юм бэ гэж мөн хэллээ. 

Эрдэнэтийн 49 хувьтай асуудал дуулиан болж байгаад одоо мартагдах шатандаа орлоо. Яагаад энэ асуудлыг Авлигатай холбоотой эсэх дээр тайлбар өгөхгүй байгаа юм бэ. Нөгөө дуулиант алдарт 60 тэрбумын хэрэг яасан бэ? 

Нэг хэсэг хэвлэлээр дуулиан болж байгаад замхардаг ийм зүйл рүү Монголын нийгэм дасчихлаа. 60 тэрбумын гэх маш бодитой, бичлэгтэй хэргийг АТГ шалгасан. Хэрвээ 60 тэрбумын бүрэлдэхүүн хэсэг нь АТГ өөрсдөө биш юм бол энэ хэрэгт цэг тавиач ээ. 

Хамгийн анх хэрэв би сонгогдох юм бол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэж хэлж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр хаана явна?

Амь насаа алдахаас ч айхгүйгээр Монгол Улсад шударга ёс тогтооно гэж мэдэгдэж гарч ирсэн Ерөнхий сайдын дуу хоолой өнөөдөр хаана явна?

Хэрвээ би Хуульзүйн сайд болбол хуулийн хайчийг, төрийн хайчийг хайчлуулна гэж хэлсэн Хуульзүйн сайд өнөөдөр хаана явна?

Яагаад өнөөдөр Монголд дуулиантай хэргүүд нь замхраад нийтийн сонсгол гэх мэт хэргүүдийн хойноос хөөцөлддөг болчхов оо? Үүн дээр хувь хүний хувьд миний тэвчээр алдагдаж байна.

Хангалттай харж, хүлээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад найдаж явлаа. Энэ асуудлаар би ордон дотор зөндөө л хашхирлаа. Болдоггүй юм байна. Тодорхой хугацаанд, магадгүй Хаврын чуулганаас өмнө энэ асуудлыг шийдэж, цэг тавихгүй бол олон нийтийн дунд орж, нийт иргэд, ТББ-уудтай нийлж орон даяар тэмцэл эхлүүлнэ гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Бид энэ байдлаараа л замхраад яваад байж болохгүй. Мөн би 60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёс зүйн эрхгүй гэж бодож байна. Тиймээс М.Энхболд дарга сайн дураараа УИХ-ын бүрэн эрхээсээ түдгэлзэж, АТГ болон Прокурорын нэгдсэн дүгнэлт сүүлчийн байдлаар гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй болно. Тэр хүртэл би УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгээ албан ёсоор хэлье" гэлээ.