Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"М-Си-Эс Кока-Кола" компани Монголын 3х3 шигшээ багийнхныг 20 сая төгрөгөөр урамшууллаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 16
iKon.MN

Багийн спортын түүхэнд тэр дундаа Олимпийн төрөлд багтаад буй спортоор цоо шинэ хуудас нээсэн Монголын 3х3 холбооны хамт олон өчигдөр Чингис хаан ОУНБ-д газардлаа.

 
 

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулсан 3х3 Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн Филиппин улсын Манила хотод болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг 20 баг оролцсоноос Монгол Улсын шигшээ баг ОХУ, Бразил, Канад, Филиппиний багтай “С” хэсэгт багтсан юм.

“FIBA 3x3” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон манай шигшээ баг ОХУ, Филиппин, Бразил улсын багийг хожин хэсгээсээ шалгарч, улмаар хасагдах шатанд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болсон. Ингээд манай баг шилдэг наймд дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багт ялагдсанаар энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүлсэн билээ.

 

Өнөөдөр эх орондоо ирсэн  Монголын 3х3 холбооны хамт олныг гэр бүл, найз нөхөд, ивээн тэтгэгчид болон хэвлэлийнхэн угтан авсан юм. Энэ үеэр М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчиддаа цаашид ч дэмжин ажиллахаа илтгэж 20 сая төгрөгийн шагналыг гардууллаа. 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав "М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан байна.

Гудамжны хэмээн нэрлэгдэж байсан сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан. Өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 5-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, хувь нэмрээ оруулсандаа баяртай байна" гэлээ.

Монгол Улсын шигшээ баг болох Улаанбаатар Хангарьд баг маань энэ эрчээрээ бэлтгэл сургуулилтаа сайтар хийж, олон улсын чанартай тэмцээнүүдэд тасралтгүй оролцсоноор 2020 оны Токиогийн олимпд оролцох бүрэн боломжтой юм.
"Бидний маш идэвхтэй тэмцээнүүдэд оролцоод байгаагийн шалтгаан нь ерөөсөө л 2020 оны олимпод оролцох юм"

Энэ үеэр 2018 оны ДАШТ, дараа дараагийн тэмцээнүүдийн талаар багийн ахлагч Д.Дэлгэрнямтай ярилцлаа.

- ДАШТ-ний бэлтгэл хэр хангагдсан байсан бэ?

- ДАШТ-нээс өмнө тасралтгүй тэмцээнүүдэд оролцож байсан нь маш сайн бэлтгэл болсон гэж үзэж байгаа. Дөрөвдүгээр сард Солонгос улсад болсон гранприд  зургаадугаар байр, түүний дараа Хятадад болсон гранприд гуравдугаар байр, тэндээсээ Азийн аваргад оролцож бас гуравдугаар байрт орсон. Хамгийн сүүлд Улаанбаатар гранприд оролцож дөрөвдүгээр байрт орсон. Энэ мэт олон тэмцээнд тасралтгүй оролцсоор байсан нь маш сайн бэлтгэлжилт боллоо.

- Богино хугацаанд олон тэмцээнд дараалан оролцохын хэцүү нь юу байв. Маш их ядардаг байх?

- Олон тэмцээнд амралтын өдөр болгон шахуу оролцож, нааш цаашаа нисээд байхаар их ядардаг юм байна. Хятадад болсон ААШТ-нд оролцсоны дараа маш их ядарсан байсан болохоор дараагийн тэмцээнд тааруу оролцож, гэмтэл их авцгаасан. 

Өөрөөр хүндрэлтэй хэцүү зүйл алга байна. Бидний бүх зардал мөнгийг М-Си-Эс Кока-Кола компани дааж, холбоо маань бас их дэмждэг. Багийнхан маань ажлаасаа чөлөө аваад бэлтгэл, тэмцээндээ 100 хувь анхаарлаа хандуулаад явж байна даа.

- Эрэмбээ бууруулахгүй байх мөн ахиулахын тулд тасралтгүй олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцох шаардлагатай. Жилд ер нь дунджаар хэдэн тэмцээнд оролцож байна вэ?

- Хамгийн өндөр оноотой есөн тэмцээний дунджаар жилийн эрэмбэ гардаг. Бүтэн жил энэ эрэмбэ хадгалагдана. Бидний маш идэвхтэй тэмцээнд оролцоод яваад байгаагийн шалтгаан нь ерөөсөө л 2020 оны олимпод оролцох юм. Олимпод дэлхийн чансаагаар эхний наймд эрэмбэлэгдэж байгаа багууд оролцох эрхтэй. Одоогоор манай баг тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэгэхээр одоогийн байраа алдахгүйн тулд мэргэжлийн тэмцээнүүддээ амжилттай оролцох хэрэгтэй байгаа.

Түүнээс биш бид өөрсдийгөө, биеэ бодоод жилд тав, зургаан тэмцээнд оролцоод байж болно. Гэтэл олон хүчтэй багууд хойноос нэхэж байгаа учраас амарч болохгүй байна. Сүүлийн гурван сарын хугацаанд гэхэд л манай баг долоон тэмцээнд оролцсон. 

- Дараагийн тэмцээнд хэзээ, хаана болох вэ?

- Одоо долоодугаар сарын 21, 22-нд Канадад болох тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Ингээд ойрхон ойрхон тэмцээнд ороод байгаа учраас маш хурдан өөрсдийгөө сэргээж, бэлтгэлээ хангах шаардлагатай болдог. Сагсанбөмбөг сонирхдог залуус, хамт тоглож байгаа нэг үеийнхэн маань их дэмжлэг учраас бид ийм амжилтууд гаргаж байна. 

Энэ жилээс бас "Цуу-Эрдэнэ" эмнэлгийн мэргэжлийн хамт олонтой хамтраад шинжлэх ухаанч байдлаар бэлтгэлэ хийх, алдсан эрдэсээ нөхөх зэрэг дээр ажиллаж байна.

Ер нь биднийг дэмждэг олон хүн байдаг. Тэдэндээ бүгдэд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна.


Дашрамд дуулгахад, Монгол Улсын шигшээ багийг буулгаж авсан Сербийн шигшээ баг нь мэргэжлийн баг бөгөөд дэлхийд багийн эрэмбээрээ №1-т, тамирчин тус бүрийн эрэмбээрээ эхний 4-т бичигдэж буй маш хүчирхэг баг юм. 

Харин Монгол Улсын шигшээ багийн тамирчид одоогийн байдлаар дэлхийд эрэмбээрээ 38 дугаарт Готовын Цэнгүүнбаяр, 39 дүгээрт Даваасамбуугийн Дэлгэрням, 47 дугаарт Энхтайваны Цэрэнбаатар, 53 дугаарт Энхбатын Дөлгөөн нар тус тус бичигдэж байна. Мөн багаараа дэлхийд чансаагаараа хоёр байр ахиад байгаа юм.

Тамирчид болон багийн эрэмбэтэй ЭНД дарж танилцана уу.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.