2018/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,463.71₮
B32
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
10°
B47
УЛААНБААТАР
19°
|
14°
15:00
S44
20°
16:00
S32
20°
17:00
S32
20°
18:00
S32
19°
19:00
S32
18°
20:00
S32
15°
21:00
S32
13°
22:00
S32
12°
23:00
S32
12°
00:00
S32
11°
01:00
S32
10°
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/06/14 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон жил нуугдсан Итали эмэгтэй парламентын гишүүн болсныхоо дараа анх удаа ил гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN

Мафийн аюулаас нуугдаж, олон жил нэр, нүүрээ нууж явсан эмэгтэй парламентын гишүүнээр сонгогдсоныхоо дараа анх удаа нүүрээ олон нийтэд харууллаа.

Одоо 51 настай Пера Айелло 1993 оноос хойш анх удаа гэрэл зургаа авхуулсан нь энэ юм. “Олон жил хөшигний ард нуугдсаны эцэст би өнөөдөр айлгүйгээр нүүрээ гадаад ертөнцөд харуулж байна. Бүрэн эрх чөлөөг мэдэрч, амьдралаа дахиад эхэлсэн мэт санагдаж байна” гэж тэр ярьжээ.

1991 онд Айеллогийн нөхрийг мафийн хоёр алуурчин нүднийх нь өмнө алсан юм. Үүнээс хоёр жилийн дараа тэр гэрчийг хамгаалах арга хэмжээнд хамрагдахаас өөр аргагүй болсон байна.

Өнгөрсөн гуравдугаар сард болсон парламентын сонгуулиар Айелло “Таван Од” популист хөдөлгөөнийг төлөөлж, Сицилид нэр дэвшсэн юм.

Нэр, нүүрээ нууцалсан тэр сонгуульд өрсөлдөж, ялсан нь сонин тохиолдол байв. Айелло сонгуулийн туршид нүүрээ олон нийтэд ил гаргах, гэрэл зургаа авхуулах зэрэг нь хориотой байжээ.

Үргэлж нүүрээ халхалж явдаг байсан түүнийг иргэд “нүүргүй нэр дэвшигч” гэж нэрлэж байв.

Айелло нь Сицилийн баруун хэсгийн Партанна хотод мэндэлсэн. Түүнийг 14 настай байхад Сицилийн мафийн босс Вито Атриагийн хүүтэй хүчээр гэрлүүлжээ.

1991 онд өрсөлдөгч мафийнхан нь Айеллогийн нөхрийг алахаар шийдсэн байна. Тэднийг пиццаны ресторанд хооллож байхад хоёр алуурчин өрөөнд нь орж ирээд бууджээ.

Улмаар Айелло цагдаад мэдүүлэг өгснөөр хэд хэдэн дээрэмчнийг баривчилж байв. Гэхдээ цаана нь эрх чөлөөтэй үлдсэн мафийн гишүүд түүнийг алахаар заналхийлж эхэлсэн байна.

Тэр үеэс хойш Айелло нэрээ сольж, Сицилиэс нууцаар явжээ.

Өнгөрсөн онд тэр амьдралаа өөрчилж, ил гарахаар шийдсэн юм. Ингээд “Таван Од” хөдөлгөөний идэвхтэн болж, сонгуульд нэрээ дэвшүүлжээ.

Одоо тэр мафийн эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүсийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө тэмцэх зорилготой байна.

Италид мафийн эсрэг тэмцэл хүчтэй өрнүүлсний хүчинд Сицилийн Коза Ностра, Наполийн Каморра мафийн бүлэглэлүүдийн хүч, нөлөө суларсан. Гэвч тэдний аюул бүрэн арилаагүй байгаа. Тухайлбал Калабрийн Ндрагента бүлэг одоо Европт кокайн оруулдаг гол бизнесийг атгаж байна.

Парламентын гишүүн болсноор Айелло нүүрээ нуухаа больсон ч цагдаагийн хамгаалалтанд хэвээр байх гэнэ. Өчигдөр тэр Сицилид очиж, өөртэйгээ адилхан хувь заяатай амьдарч буй хүмүүстэй уулзсан байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x