Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монгол Улсад гэмт хэргийн улмаас жилд 880 хүн амиа алджээ

Б.Ану
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадны улс орнуудад террорист халдлага, хүн амины хэрэг, хар тамхи, хүний наймаа зэрэг онц ноцтой гэмт хэргүүд гарч байгаа нь байнга дуулддаг. Гэтэл эсрэгээрээ зарим улсад гэмт хэргийн гаралт маш бага байх нь бий. Тэгвэл Монгол улсын хувьд гэмт хэргийн эрсдэлийг хэрхэн хэмждэг вэ. Энэ эрсдэл өсөөд байна уу, буураад байна уу. Эдгээр асуултын хариултыг Мандал Даатгал санаачлан Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтарч тооцсон “Үндэсний Эрсдэлийн Индекс” өгч чаддаг болсон байна. 

Мэргэжлийн байгууллагуудаас тодорхойлж гаргасан гэмт хэргийн эрсдэлийн индекс ямар үр дүнг харуулж байгаа бол? 

Бид Монгол улсыг гэмт хэргийн гаралт багатай, амьдрахад харьцангуй тайван амгалан орон гэж боддог. Харамсалтай нь тоо баримт, судалгаа бидний боддогоос өөр үр дүнг харуулж байна.  Ялангуяа гэмт хэргийн эрсдэл 2009 оноос огцом өссөн гэж гарчээ. Гэмт хэргийн эрсдэл яагаад өндөр гарсан мөн түүнийг бууруулах арга замын тухай мэдээлэл хүргэе.

Зарим тоо баримтыг дурдвал: 

  • Дэлхийд жилд дунджаар 475,000 хүн гэмт хэргийн улмаас амиа алддаг. 100,000 хүн тутамд 7 хүн амиа алдаж байна
  • Монгол Улсын хувьд 100,000 хүн тутамд 28 байгаа нь дэлхийн дунджаас 4 дахин өндөр байна
  • Манай улсын хэмжээнд сүүлийн 5 жилд нийт 130,000 орчим гэмт хэргийн шинжтэй хэрэг зөрчил бүртгэгдэж, 40,000 орчим иргэн шүүхээр ял шийдвэрлүүлжээ
  • 2016 онд улсын хэмжээнд нийт 27,167 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 65.9% нь Улаанбаатар хотод үйлдэгджээ

График 1,  Монгол улсын гэмт хэргийн эрсдэлийн индекс,  (Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ),

2016 оны гэмт хэргийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.4 нэгжээр буурч 6.3-т хүрсэн байна. Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3 хувиар буурсан нь тус оны гэмт хэргийн эрсдэлийн индексийг буурахад голлон нөлөөлжээ.
 
График 2, Гэмт хэргийн тоо ба хохирлын дүн, Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Цагдаагийн Ерөнхий Газраас гаргасан мэдээллээс үзэхэд 2016 онд гэмт хэргийн тоо өмнөх онтой харьцуулахад 590 хэргээр буюу 2.1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн улмаас 2016 онд 11,257 хүн гэмтэж, 880 хүн амиа алдсан нь өмнөх оноос гэмтсэн хүн 0.3%-иар буурч, харин амиа алдсан хүн 3.9%-иар нэмэгдсэн байна.
 
График 3, Гэмт хэргийн тоо, Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг гэдэгт хүн амины хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай болон болгоомжгүйгээр хүнд, хөнгөн хохирол учруулах зэрэг гэмт хэрэг орно. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хулгай, дээрэм, залилан зэрэг гэмт хэрэг орно.

Нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг нь террорист ажиллагаа явуулах, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулах, түүнд элсэх зэрэг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийг хэлнэ.

Улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн өндөр буюу 49.1 хувийг эзэлсэн бол хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 31.0 хувийг эзэлж олон үйлдэгдсэн гэмт хэргийн ангилалд орж байна.

График 4, Гэмт хэргийн тоо /ангиллаар, 100,000 хүн тутамд/, Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Сүүлийн 10 жилийн хандлагыг харахад хүнд гэмт хэргийн тоо тасралтгүй буурсан боловч  хөнгөн, хүндэвтэр гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. 2016 онд 100,000 хүн тутамд хөнгөн гэмт хэргийн тоо өссөн бол хүнд, онц хүнд хэргийн тоо буурчээ. 

Манай улсад онц ноцтой хүнд гэмт хэргийн тоо харьцангуй цөөн ч гэсэн нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийн дунджаас хол илүү байна. Мөн дээрээс нь хулгай, дээрэм гэх зэрэг хөнгөн ба хүндэвтэр гэмт хэргийн гаралт өссөөр байна. Тийм учраас л гэмт хэргийн эрсдэлийн индекс өндөр гарч олон улсын түвшинд ч дээгүүр байранд оржээ.

Энэхүү эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх олон улсад хэрэгжсэн хэд хэдэн туршлага байгаагаас товч дурдвал: 

1. Архи, согтууруулах ундааны тухай хуулийг чангатгах

Согтууруулах ундааны хэрэглээний түвшин ихсэх нь гэмт хэргийн эрсдэлийг өсөхөд нөлөөлдөг гол хүчин зүйл юм. 2016 онд Монгол улсын хэмжээнд гэмт хэрэгт холбогдсон нийт сэжигтэн, яллагдагчдын 23.1% нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ. 

Хэрэгжүүлэх арга замууд:

  • Архи согтууруулах ундааны татварыг нэмэх
  • Архи согтууруулах ундаа борлуулах цэгүүдийг багасгах
  • Согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний архи уух эрхийг хязгаарлах
АНУ-н Өмнөд Дакота муж улсад 2005 онд уг арга хэмжээг авсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг дараа нь байнгын хяналтанд байлгах болсон. Энэ нь тус мужийн гэмт хэргийн гаралтыг мэдэгдэхүйц бууруулсан байна.

2. Гэмт хэргийн гаралт өндөр цэг дээрх хяналтыг сайжруулах

Дэлхий дээр олон хотод маш жижиг хэсэгт ихэнх гэмт хэрэг бүртгэгддэг. Иймээс эдгээр бүст хяналтыг чангатгах нь гэмт хэргийн түвшинг бууруулахад том нөлөө үзүүлж чаддаг.

3. Боловсролын түвшинг дээшлүүлэх

- Сургууль завсардах насыг дээшлүүлэх

Судалгаанаас үзэхэд сургуулиа орхилгүй суралцаж төгсөж чадсан хүүхэд гэмт хэрэгт холбогдох магадлал харьцангуй бага байдаг. 

- Сургуульд хүмүүжил, төлөвшилтийн хичээл заах

Хүүхдүүдийг багаас нь зөв төлөвшүүлэх нь ирээдүйд гэмт хэрэгт холбогдохыг нь багасгахад маш чухал нөлөөтэй.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гарсан гэмт хэргийн тохиолдлыг авч үзвэл, эдийн засгийн өсөлт удааширсан 2012-2016 оны хооронд ажилгүй иргэдийн тоо 94,705-аас 127,807 болж 35%-иар өсөж, ДНБ-ий өсөлт 12.3-аас 1.2 болж огцом буурсан байх ба энэ хугацаанд гэмт хэргийн тоо 23% өсжээ. Үүнээс үзвэл гэмт хэрэг гаралтын түвшин ажилгүйдэл, ДНБ-ий өсөлт зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамааралтай нь мөн харагдаж байна.
 
Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой. Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй. 
 
 
Мэдээллийг хамтран бэлтгэсэн: МАНДАЛ ДААТГАЛ