Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ үзэхээр Оросыг зорих Америкчуудад гар утсаа гэртээ орхихыг зөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Маргааш ОХУ-д эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх иргэддээ хувийн электроник төхөөрөмжүүдээ орхиж явахыг АНУ-ын сөрөг тагнуулын газрын дарга зөвлөжээ.

Учир нь зөөврийн компьютер, гар утас зэргийг нь Оросын гэмт хэрэгтнүүд, засгийн газар “хакдах” өндөр магадлалтай гэж тайлбарласан байна.

АНУ­-ын Үндэсний Сөрөг Тагнуул, Аюулгүй Байдлын Төвийн захирал Уилльям Эванина өчигдөр энэ тухай мэдэгджээ.

“Гар утас, зөөврийн компьютер, PDA зэрэг электроник төхөөрөмжүүдээ авч явахаар төлөвлөж байгаа хүмүүст анхааруулахад та бүхний мэдээллийг Оросын засгийн газар, эсвэл кибер гэмт хэрэгтнүүд хулгайлж болзошгүй” гэж тэр хэлсэн байна.

Эванина цааш нь “Бизнесийнхэн, засгийн газрынхан хамгийн их эрсдэлтэй, гэхдээ хэн ч бай өөрийгөө чухал хүн биш гэж бүү бод. Хэрвээ орхиж явах боломжтой бол орхи. Боломжгүй бол өөрийн байнга хэрэглэдэг төхөөрөмжөөс өөр төхөөрөмж авч яваад хэрэглээгүй үедээ баттерейг нь салгаж бай” гэж зөвлөжээ.

АНУ-аас гадна Их Британий аюулгүй байдлын албаныхан үүнтэй төстэй анхааруулгыг ОХУ-ыг зорьж байгаа иргэддээ өгсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Оросын засгийн газрын хакерууд нөлөөлөхийг оролдсон гэх хэргийг Вашингтоны засаг захиргаа одоо болтол шалгаж байгаа юм. Уг сэжигтэй холбоотойгоор Оросын кибер халдлагаас өрнөдийн орнууд ихэд болгоомжилдог болоод байна.

 

Эх сурвалж: Reuters