Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Хуванцрыг үрэл хэлбэрээр экспортлоод зогсохгүй утас хийх Япон технологийг нэвтрүүлнэ"

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

БНХАУ импортолохоос татгалзаад байгаа PET төрлийн хуванцар/ус, ундааны сав/-ыг боловсруулан үрэл хэлбэрт оруулж экспортлоод эхэлжээ.

Энэ талаар мэдээллийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны Гүйцэтгэх захирал П.Цэндмаагаас тодруулсан юм.

 

- Саяхнаас зарим үйлдвэр хуванцрыг боловсруулж үрэл хэлбэрт оруулан экспортолж эхэлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Хятад улс хагас боловсруулсан буюу хэрчиж бэлтгэсэн хуванцар авахаа зогсоож, дахин боловсруулсан тохиолдолд авч байна. Яг одоогоор хоёр үйлдвэр PET төрлийн хуванцрыг дахин боловсруулж, үрэл хэлбэрт оруулаад экспортолж байгаа. Тэдгээр үйлдвэрүүд манай холбооны гишүүн болоогүй, хятад эзэнтэй. Манай гишүүн биш учраас тодорхой мэдээлэлгүй байна.

 
Боловсруулан үрэл хэлбэрт оруулсан PET төрлийн хуванцар/ус, ундааны сав/.

Манай холбооны гишүүн нэг үйлдвэр хуванцрыг хэрчиж экспортолдог байсан. Тус үйлдвэр хуванцрыг боловсруулдаг болохоор бэлтгэж, тоног төхөөрөмжөө угсарч байна. 

Мөн холбооны зүгээс Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэг дээр хог дахин боловсруулах үйлдвэрүүд барих ажлыг эхлүүлсэн. Тус үйлдвэр маань хуванцрыг үрэл хэлбэрээр экспортлоод зогсохгүй утас хийх Япон улсын технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Япон, Хятад, Солонгос гэх мэт улсууд хуванцраас гаргаж авсан утсаар хувцас үйлдвэрлэдэг болсон. Япон улс сурагчийн дүрэмт хувцсыг хуванцраас гаргаж авсан утсаар хийж байгаа.

Манай холбооныхон жил бүр Японы хог хаягдлын “N expo”-д оролцдог. Энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр хуванцраас гаргаж авсан утсаар хувцаснаас гадна хивсэнцэр хийснээ танилцуулж байсан. 

Тэгэхээр хог хаягдлыг дахин боловсруулж мөнгө болгох боломж байгаа нь харагдаж байна.

- Хог хаягдлыг мөнгө болгох боломж байна гэлээ. Үүний тулд хамгийн түрүүнд ямар ажил хийх шаардлагатай байна вэ?

- Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь зөв ангилан ялгахаас эхэлнэ. Энэ чиглэлээр манай холбоо төдийгүй байгаль орчны яам, төрийн байгууллагууд олон ажил хэрэгжүүлж байна. Мөн томоохон компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манайд хандан гишүүн болж, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвших чиглэлээр хамтран ажиллаж байгаа. 

Хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах дадал хэвшлийг хүүхдүүдэд аль болох бага наснаас нь хэвшүүлэх нь хамгийн үр дүнтэй гэж үзэж байгаа учраас ЕБС-ийн багш нартай хамтраад гар доорх материалаар хогийн сав хийх, хогоо ангилан хаях дадлыг хэвшүүлэхээр ажиллаж байна.

 
Хаягдал картонон хайрцгаар хийсэн хогийн сав. Хогийн саван доторх гялгар уутыг дахин боловсруулсан түүхий эдээр үйлдвэрлэсэн.
 
Хаягдал картонон хайрцгаар хийсэн хогийн сав. Хогийн саван доторх гялгар уутыг дахин боловсруулсан түүхий эдээр үйлдвэрлэсэн.