Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад хүмүүсийн талаар таагүй сэтгэгдэл бичсэн Альберт Эйнштэйний аян замын тэмдэглэлийг ил болгожээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Нэрт физикч Альберт Эйнштэйний 1920-оод оны үед Ази тивээр аялахдаа бичсэн хувийн тэмдэглэлийг анх удаа англи хэл дээр хөрвүүлэн хэвлүүлжээ.

1922 оны аравдугаар сараас 1923 оны гуравдугаар сарын хооронд бичигдсэн уг тэмдэглэлдээ тэр Азийнхан, тэр дундаа Хятад хүмүүсийн талаар тун таагүй сэтгэгдэл үлдээсэн байна.

Энэ үеэс хойш 20 жилийн дараа Эйнштэйн арьс өнгөний үзэл бол “цагаан арьстнуудын өвчин” гэдэг алдарт үгээ хэлж байсан юм.

Гэтэл эрдэмтэн маань эсрэгээрээ шар арьстнуудыг доромжилсон үзэл бодлоо бичиж үлдээсэн нь сонирхол татаж байна. Тэр энэхүү тэмдэглэлээ нийтэд хүрнэ гэж тооцоогүй бололтой.

Эйнштэйн тэмдэглэлдээ Хятад хүмүүсийг “мал мэт ажилладаг, үүндээ огт шаналдаггүй, бохир заваан, тэнэгдүү хүмүүс” гэж тодорхойлжээ.

Тэр бас Хятад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ялгахад хэцүү, Хятад эмэгтэйн яг юунд нь эрчүүд татагдаж, үр удмаа үлдээх хүсэл төрдгийг ойлгоогүй гэх мэтээр бичсэн байна.

Эйнштэйн бас тухайн үед Цейлон гэгддэг байсан Шри Ланкад зорчсон тухайгаа “нутгийн иргэд маш бохир заваан, үмхий намаг балчигт амьдардаг”, “бага зүйл бүтээж, бага хэрэглээтэй амьдардаг, хэт энгийн эдийн засгийн цикльтэй” гэх зэргээр бичжээ.

Харин Япончуудын тухай нэрт эрдэмтний сэтгэгдэл арай гэгээлэг байгаа юм. Тэр Япончуудыг “даруу, найрсаг, нэг үгээр хэлбэл тун сэтгэл татам хүмүүс” гээд “өөр хаана ч байхгүй цэвэр ариун сэтгэлтэй хүмүүс”, “хайрлаж, хүндэлмээр орон” гэж бичжээ.

Гэхдээ Эйнштэйн эцэст нь “Энэ үндэстний оюун санааны хэрэгцээ нь гоо зүйн хэрэгцээнээсээ сул байж магадгүй. Үндэстний онцлог нь юм болов уу?” гэж дүгнэсэн байна.

Замын тэмдэглэлийг өмнө нь зөвхөн Германд “Альберт Эйнштэйний бичвэрийн цуглуулга” нэртэй эмхэтгэлд багтаан хэвлүүлж байжээ. Харин энэ удаа АНУ-ын Принстоны их сургуулийн хэвлэх үйлдвэрт “Альберт Эйнштэйний аян замын тэмдэглэл” нэртэй хэвлүүлсэн байна.

 

Тэмдэглэлийг эмхэтгэж, орчуулсан Зев Розенкранц “Бид түүний тэмдэглэлийг тухайн түүхэн цаг үеийн нийгэмд давамгайлж байсан үзэл бодол, ойлголтын илрэл гэж үзэн хүлээцтэй хандах хэрэгтэй” гэж ярьжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллага UNHCR нэг удаа Эйнштэйнийг өөрийн үйл ажиллагааны билэгдэл болгож “Дүрвэгчид ирж байгаа улсдаа зөвхөн хувийн эд зүйлсээ тээж ирдэггүй. Тухайлбал Эйнштэйн дүрвэгч байсан” гэх уриаг ашиглаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian