Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хааны эрэлд 26 улсын 1,400 орчим цэргийн алба хаагч оролцохоор бүртгүүлжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Хааны эрэлд-2018" энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд энэ сарын 14-28-ны өдрүүдэд болно.

Энэ удаагийн сургуульд:

Австрали,
АНУ,
Балба,
Бангладеш,
Беларусь,
БНХАУ,
БНСУ,
БНТУ,
БНЭУ,
Бутан,
ИБУИНВУ,
Индонез,
Итали,
Казахстан,
Камбож,
Канад,
Катар,
Малайз,
Монгол,
ОХУ,
Унгар,
Филиппин,
Франц,
ХБНГУ,
Шинэ Зеланд,
Япон

 зэрэг 26 улсын 1,400 орчим цэргийн алба хаагч оролцохоо мэдэгджээ.

Бутаны Вант Улсаас цэргийн ажиглагч, Катар Улсаас салааны бүрэлдэхүүн энэ удаагийн сургуульд анх удаа оролцож байгаагаараа онцлогтой аж.

Дараагийн ээлжинд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний ажиллагааных нь өмнөх бэлтгэлийг хангана

Бригадын Генерал Л.Гансэлэм "Жил бүр уламжлал болж зохион байгуулагддаг Хааны эрэлд ОУ-ын сургууль нь анх 2003 онд Монгол Улс болон АНУ-ын хамтарсан цэргийн сургууль хэлбэрээр зохион байгуулагдаж байгаад 2006 оноос олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль болон өргөтгөгдөн зохиогдох болсон. Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс Дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орны хувьд үүргийнхээ дагуу даян дэлхийн энхийн үйлсэд идэвхтэй оролцож, зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах чадавхийг нэмэгдүүлэхийн тулд  хоёр талын болон олон улсын цэргийн сургууль, дадлагуудыг хийсээр ирсэн. Эдгээрээс хамрагдах цар хүрээ ач холбогдлынх нь хувьд  томд тооцогдох сургууль бол Хааны эрэлд юм.

Энэ сургуулийн зорилго нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний энхийг дэмжих ажиллгаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж олон улсын энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдийг зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд олгоход чиглэдэг.

Өнгөрсөн жилийн Хааны эрэлд сургуулийн үр дүнд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад цэргүүд үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа. 

Энэ удаа ч гэсэн энэ Хааны эрэлд сургуулийн хүрээнд дараагийн ээлжинд Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүний ажиллагааных нь өмнөх бэлтгэлийг хангана” гэв.

Өнгөрсөн хугацаанд тус сургуульд таван тивийн 52 орны 13,800 орчим цэргийн алба хаагч оролцож энхийг сахиулах ажиллагааны арга туршлагыг эзэмшин суралцсан бөгөөд жилээс жилд хүрээгээ тэлэн өргөжиж, оролцогч орнуудын тоо нэмэгдсээр байгаа юм.

Хааны эрэлд 2018 сургуулийн хүрээнд Команд штабын сургууль, Ротын хээрийн сургууль, Салаадын хээрийн сургууль,Тусгай хүчний сургууль, Усны сургууль, Гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн эсрэг ажиллагааны сургууль, Энхийг сахиулах ажиллагааны сургагч багшийн дамжаа, Мэдээлэл олзворлох болон боловсруулах арга ажиллагааны сургалт, Хүн эмнэлгийн сургалт, Хүмүүнлэгийн ажиллагаа гэх мэт сургалт, дадлагууд явагдах юм байна.

Мөн сургуулийн хүрээнд иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 4, 7, 24, 26 дугаар хороодын иргэдэд эрүүл мэндийн оношлогоо, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.