Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн сонгуулийн ажиллагаа эхэлснээс хойш 112 дахь улстөрч алагдлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Мексикийн хилийн Педрас Неграс хотод тус улсын парламентад нэр дэвшигч Фернандо Пурон буудуулж амиа алджээ.

Тэр нэг тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчтэй мэтгэлцээн хийж дууссаны дараа хамт сэлфи хийж байхдаа алагдсан байна. Тэднийг сэлфи хийж зогсох үед нэгэн сахалтай эр араас нь ирээд Пуроны толгойд буудсан нь хяналтын камерт бичигдэж үлджээ.

 

2017 оны есдүгээр сард Мексикийн парламентын сонгуулийн ажиллагаа эхэлснээс хойш алагдсан улстөрчдийн 112 дахь нь Фернандо Пурон болж байна.

Сонгуулийн санал хураалт долдугаар сарын 1-нд болох бөгөөд тэрнээс өмнө дахин олон нэр дэвшигч алагдана гэсэн айдас нийгэмд бий болоод байна.

Алагдахаасаа хэдхэн минутын өмнө мэтгэлцээн дээр Пурон Мексикийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхээ амлаж байжээ.

Мексик улсад 11 жилийн өмнө гэмт хэргийн бүлэглэлүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байсан ба тэр цагаас хойш хамгийн их аллага бүртгэгдсэн жил нь 2017 он болсон юм.

Аллагыг тус улсын хар тамхины бүлэглэлүүд үйлдэж байгаа гэж үзэж байна. Тэд гэмт хэрэгтэй хийх засгийн газрын тэмцлийг сааруулахын тулд төрийн эрх барих улс төрчдийг ийнхүү намнаж байгаа гэнэ.

Энэ сарын эхээр 24 цагийн дотор гурван эмэгтэй нэр дэвшигч дараалан алагдсан байна. Засгийн газрын бүх түвшинд ажилладаг, бүх намын улс төрчдийг ялгалгүй алан хядаж байгаа юм.

Гэмт хэргийн бүлэглэлүүд мөн өөрийн хүмүүсийг засаг захиргааны бүтцэд оруулахын тулд тэдний өрсөлдөгчдийг алж байгаа гэсэн таамаг яригдаж байна.

 

Эх сурвалж: The Guardian