Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ойрын үед хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа санаачилгын талаар Бутаны талд танилцууллаа

ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи-г өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн нээлтийн хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, тус төвийн хүрээнд далайд гарцгүй улсууд олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дуу хоолойгоо нэгтгэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас ойрын үед хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хэд хэдэн санаачилгын талаар Бутаны талд танилцуулсан бөгөөд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг дурдав.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг Монгол Улсад нээсэнд баяр хүргээд, 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол, Бутаны харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны Гадаад харилцааны сайд нар богино хугацаанд харилцан айлчилсан нь ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Мөн тэрбээр Монгол, Бутаны харилцаа, хамтын ажиллагааг цаашид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бутан Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи 2017 оны 9 дүгээр сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

 

Эх сурвалж: ГХЯ