Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Габриелла Спирли: Монгол хүмүүс эрүүл мах идэж байгаадаа итгэлтэй болох нь олон давуу талыг олгоно

ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
 

Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, хаана бэлтгэн нийлүүлж байгаа нь тодорхой байна гэдэг эрсдэлгүй, аюулгүй сонголт хийх дуртай өнөө цагийн хэрэглэгчдийн хамгийн түрүүнд тавидаг шаардлагын нэг билээ. Дэлхийн улс орнууд ч энэхүү шаардлагыг хангасан бараа, бүтээгдэхүүн, хүнсийг импортолж, экспортоор оруулдаг гэдэг.

Манай улсын хувьд экспортоор гаргахад хамгийн боломжтой бүтээгдэхүүн бол мэдээж мах. Гэвч 70 сая гаруй малтай ч манай улсын мах, махан бүтээгдэхүүн дэлхийн улс орнуудад мөрдөгддөг гарал үүсэл нь тодорхой байх, хаана ямар газраас нийлүүлэгдэж байгааг нь нотлох боломжгүй зэргээр шалгуурт нийцэлгүй өнөөдрийг хүрээд байна.

Тэгвэл “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д заасны дагуу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилготой “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем” нэвтрүүлэх туршилтын төсөл манай улсад хэрэгжээд 1 жил болсон ажээ.

Энэхүү “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих систем”-ийг харилцагч талуудад танилцуулах арга хэмжээ ХААИС дээр боллоо. Уг арга хэмжээнд ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, ХААИС-ын Мал эмнэлгийн сургууль, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, Биокомбинат ТӨААТҮГ, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Махны холбоо, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид, Сүүний холбоо, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид, Арьс, ширний холбоо, арьс, ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид, Ноос, ноолуурын холбоо, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

Швейцарын хөгжлийн агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдад энэхүү төслийг хэрэгжүүлсэн аж. Уг системийг нэвтрүүлснээр мал эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн нэгжийн ажлын үр дүнг баталгаажуулах, халдварт өвчингүй аймаг, сумд, нутаг дэвсгэрийг нийтэд зарлан мэдээлэх, малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог дэлгэн харуулах нөхцөл бүрдэх ажээ.

Мөн энэхүү систем нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах, мал, амьтны халдварт өвчнийг тандах, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг төлөвлөхөд шаардагдах мэдээллийн санг бүрдүүлэх, мал эмнэлгийн тайлан, мэдээ гаргах үйл ажиллагааг багтаасан цогц систем юм байна.

Хамгийн гол нь мал аж ахуйн салбарын бизнесийн тогтвортой байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү системийн хүрээнд  харилцагч талуудад танилцуулах, салбар хоорондын хамтын ажиллагаагаа сайжруулах нь чухал ажээ. Энэ үеэр зохион байгуулагчдаас мэдээлэл авснаа хүргэж байна.

Л.Даваасүрэн: Туршилтыг яг бодитоор нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдад хийсэн

 
Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн

Өнөөдөр дэлгүүр, худалдааны захын лангуун дээр зарагдаж байгаа махыг хаанаас авчирсан, ямар малынх юм бэ гэдгийг  нь мэдэх боломж байдаггүй. “Малын эрүүл мэндийн эргэн мөшгих тогтолцоо” бүрэлдсэнээр тухайн мал ямар төрлийн ургамал идэж байсан нь хүртэл харагдана. 2017 онд УИХ-аас “Мал амьтны эрүүл мэндийн  тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль” батлагдан гарсан. 

Энэ хуулийн хүрээнд “Мал эмнэлгийн гэрчилгээ”-г  Швейцарийн хөгжлийн агентлаг “Ногоон алт-Малын эрүүл мэнд”, Мал эмнэлэг үржлийн газар, ХХААЯ хамтран нэг жилийн хугацаатай туршилтын ажлыг хийсэн. Туршилтыг зүгээр л цаасан дээр буулгаагүй. Яг бодитоор нь Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат сумдад туршилт хийсэн.

Төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Мах маркет” компаниар дамжуулаад 600 гаруй хонийг вебд суурилсан системээрээ нэвтрүүлсэн. Хамгийн  анхан шатанд Мал эмнэлгийн гэрчилгээгээрээ сумын нэгжээс сумын тасаг, аймаг, замд нь мөрдөн мөшгих тогтолцооны хүрээнд мэргэжлийн хяналт, цагдаагийнхан  үзээд Улаанбаатар хотод нэвтрэх эрхтэй болсон.

Дараа нь үйлдвэрийн аргаар боловсруулаад Улаанбаатар хотын хүн ардын хэрэгцээнд эрүүл бүсээс эрүүл малын махыг оруулж ирэх систем юм. Энэ системийн үр дүнд малчдын  орлого тогтвортойгоор нэмэгдэнэ. Үйлдвэрүүд орлоготой болж эхэлнэ. Цаашлаад экспортод гаргаснаар Монгол улсын эдийн засаг мал аж ахуйн салбараас эхлэн сэргэх боломжтой болно гэж үзэж байна. 

С.Дивангар: Бидний гадаад зах зээлд гарах нэг гол имиж бол монголын мах байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг сурталчилах юм

 
Швейцарийн Хөгжлийн агентлаг, “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн Малын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Өнөөдөр Монгол Улсын мал сүрэг 70 саяд хүрсэн хэдий ч махны экспорт төдийлөн нэмэгдэхгүй байна. Гол шалтгаан нь мал эмнэлгийн байгууллагаас олгож буй гэрчилгээ, баталгаажуулалтыг олон улсын зах зээл хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой. 

Учир нь мал эмнэлгийн  гэрчилгээ баталгаажуулалтыг ямар баримт нотолгоон дээр тулгуурлаж өгч байна вэ гэдгийг нотлох систем бүрдээгүй тул баталгаа болж чаддаггүй. Гэрчилгээ цаанаа ямар түүх агуулж байгаа, тус бүс нутаг нь өвчний статусын хувьд ямар гэдгийг тодорхойлох боломжгүй.

Тиймээс олон талын туршлагыг судалж үзээд ХХААХҮЯ, Мал эмнэлэг  үржлийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг  “Ногоон алт” төсөл хамтран энэхүү веб технологид суурилсан системийг зохион бүтээсэн. Энэ системийн дагуу тухайн гэрчилгээтэй болох хүртэлх хугацаанд уг мал, амьтан мал эмнэлгийн ямар үйлчилгээнд хамрагдсан  гэсэн  түүхийг агуулсан мэдээлэлд тулгуурлаж гэрчилгээг олгох юм.

Өөрөөр хэлбэл тэр мал 5-10 жилийн хугацаанд мал эмнэлгийн ямар вакцинд хамрагдсан, ямар бүс нутагт маллагдаж байсан, хамгийн сүүлд ямар эм хэрэглэсэн гэдэг бүх түүх системд бүртгэгдэнэ. Хэрэглэгч хүсэх юм бол мэргэжлийн  байгууллагад хандаж, энэ бүхнийг дэлгэрэнгүй харах боломжтой.

Түүнчлэн Монголын газар нутаг өргөн уудам, уул уурхайд автаж байгаа гэдэг ч уул уурхайд автаагүй газар их бий. Бидний гадаад зах зээлд гарах нэг гол имиж  бол монголын мах байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг сурталчилах юм. Мэдээж натурал гэдэг үг хэрэглэгдэнэ.

Ногоон алт төслийн хүрээнд фото мониторингийн арга  ашиглаад олон мянган цэг дээр мэдээллийн сан үүсгээд хадгалчихсан. Энэ систем дээр цоо шинээр бэлчээрийн солбицолыг оруулж байгаа. Ингэснээр тухайн мал ямар үнэлэмжтэй бэлчээрээс ирсэн бэ гэдгийг гэрэл зургаар батлан харуулж, уул уурхайн нөлөөлөлд өртөөгүй, төв суурин газраас алслагдсан нутагт бараг л эмийн ургамал идэж байсан гэдгийг хэрэглэгчдэд шууд харуулах боломж үүссэн.

Габриелла Спирли: Монгол хүмүүс эрүүл мах идэж байгаадаа итгэлтэй болох нь олон давуу талыг олгоно

 
Габриелла Спирли, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга

Бид 2017 онд Архангай  аймгийн хоёр суманд туршиж үзсэн төсөл амжилттай  болсон тул ХХААХҮЯ-ны хүсэлтээр 2018 онд дахин 6 аймгийн 15 суманд энэ системээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ажил амжилттай хэрэгжвэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад олон улсын байгууллагуудтай хамтарч Монгол улс даяар хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн  нэг зорилго нь малчдыг тогтмол орлоготой  болгох юм. Энэ маань арилжааны шинж чанартай болно гэсэн үг.  Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь хэн бэ, хэрэглэгч юу хүсэж байна вэ  гэдэг  асуудал яригдана.

Хэрэглэгч малын гаралтай хүнс хэрэглэдэг. Уг малын мах нь хаанаас гаралтай,  эмийн үлдэгдэл байгаа эсэх, зарах гэж байгаа малаа тариад зардаг гэх мэт  батлагдаагүй явган яриаг үгүйсгэж няцааж чадахгүй асуудал болдог. Үүнээс болж хэрэглэгч ямар мах хэрэглэж байгаадаа эргэлзээтэй ханддаг. Тэгвэл уг эргэлзээг арилгаж, аль аймгийн аль суманд хэн гэдэг малчин ямар бэлчээрт хариулж байсан, мал эмнэлгийн  үйлчилгээнүүдийг бүгдийг авсан эсэх гээд  эрүүл гэдгийг баталвал худалдан авагч  эргэлзээгүй байх нь тодорхой.

Өмнө нь малчин малаа маханд бэлтгээд түүнийгээ явуулын машинаар явуулж, хотод хүн тосч авдаг биш орон нутагтаа хүлээн авч нядлах, тээвэрлэх, хэрэглэгчиийн хүсэлд нийцсэн эцсийн бүтээгдэхүүн болгоход бэлтгэх ажлууд хийгдэнэ. Ингэснээр малчин хэдий хэмжээний мал нядлахаа, тэр нь  хэдэн төгрөгөөр зарагдахаа мэдэж байна гэсэн үг.

Малчин өмнө нь малаа маллахын хажуугаар борлуулах асуудлыг давхар боддог байсан бол энэ тогтолцоо нэвтэрсэнэр  малаа сайн маллахад л анхаарах юм. Үйлдвэрлэгчид олон жил танил талаасаа мал мах авахдаа утсаар яриад тохирдог. Газар дээрээ очиход мах нь бэлтгэгдээгүй, тоо нь гүйцэхгүй энд тэндээс нэмэх, тарга тэвээр, өвчин эмгэг, үүлдэр угсаны асуудал яригддаг байсан нь арилах юм.

Энэ системийн боловсруулалт, хөгжүүлэлт  олон улсын стандартын дагуу хийгдсэн. мөрдөж, хийсэн. Дотооддоо үйл ажиллагаан нь сайжраад, түүнийгээ дагасан төлөвшилтүүд бий болчихвол олон улсын зах зээлд гарах бэлтгэл, боломж бүх талаар бий болж байгаа юм. Хамгийн чухал нь монгол хүмүүс эрүүл мах идэж байгаадаа итгэлтэй болох нь олон давуу талыг олгоно.

Нэмж хэлэхэд, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон газрууд ажилладаг, олон ч саналууд гардаг. Монгол Улсын Засгийн газар уг саналуудыг бүгдийг хүлээж аваад тус тусдаа бие даасан  системүүд жижиг жижгээр хөгжөөд явах биш, хооронд нь уялдуулаад нэг системийг маш сайн нэвтрүүлвэл хугацааны хувьд хурдан чанартайгаар хөгжих боломжийг бүрдүүлээсэй. Энэ тал дээр манлайлан оролцож ажиллаасай гэж хүсдэг. 

С.Мөнгөнцэцэг: Хэрэглэгч апликейшн ашиглан бар кодыг уншуулан уг мах хаанаас гарал үүсэлтэйг нь мэдэх боломжтой

 
`Дижитал медик” компанийн программист

Манай компанийн хамт олон Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Мах маркет үйлдвэрт орж ирсэн малын ээмэгний дугаарыг бар код хэлбэрт оруулсанаа сонирхуулья. Хэрэглэгч дэлгүүрт очоод апликейшн ашиглан бар кодыг уншуулаад уг мах хаанаас гарал үүсэлтэйг нь мэдэх боломжтой. Энэ бар код гэхэд Архангай аймгийн Өндөр –Улаан сумын Донгой багаас нийлүүлэгдсэн 2 настай, эр үхрийн  мах гэсэн мэдээлэл уншигдаж байна.

Хэрэглэгчдэд энэ мэдээлэл л харагдана. Илүү мэдээлэл авах бол бар кодыг барьж очоод ямар хүн энэ малыг баталгаажуулсан , ямар нэгжийн гарал үүсэлтэй вэ гэдгийг мэдэж болно. Бар код бүхий дардас эцсийн бүтээгдэхүүн буюу махны жижиг жижиг хэсэг бүрт наагдаж худалдаанд гарна.

 
 

Эх сурвалж: Greenmongolia.mn