Зун цагийн их бүтээн байгуулалт, барилгын ид ажил өрнөж эхэлсэн энэ цаг үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл зэргийг ашиглах тухайд хууль эрх зүйн ямар зохицуулалтуудыг дагаж мөрдөх ёстой талаар мэдээлэл хүргэе. Мэдээллийг “Барилга.МН” сэтгүүл, өмгөөллийн “Барристер Кастос” ХХН нар хамтран бэлтгэлээ.
Барилгын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах нь яагаад чухал вэ?
Барилга байгууламж барих, засварлах, буулгах ажиллагаа нь хүний хүч хөдөлмөр ихээр шаарддаг, энэ үйл ажиллагааны явцад инженер, барилгачин, туслах ажилчид үйлдвэрлэлийн осолд өртөж гэмтэх, улмаар амь насаа алдах эрсдэл өндөр байдаг. Иймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгж, иргэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ямагт хангаж ажиллах нь чухал юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хэрхэн хангах вэ?
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөлийн нэг нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг заавал хэрэглэх бөгөөд эдгээрийг хэрэглэснээр хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад аваар осол, болзошгүй эрсдэл гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх болно.
Ажил олгогч нь ажиллах ажлын орчин, хөдөлмөрийн нөхцөл байдлаас хамаарч тухайн орчинд нийцсэн тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг батлагдсан стандартад нийцүүлэн ажилчдад ашиглуулна.
Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангахтай холбоотой ажил олгогчийн үүрэг юу вэ?
Харин ажил олгогч нь олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр ажилчдаа хангах тохиолдолд чанарын талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй.
Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ашиглаж байгаа эсэхэд тавих хяналт
Ажилтан нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх үүрэгтэй бөгөөд зориулалтын дагуу хэрэглэж байгаа эсэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан байнга хяналт тавина.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгслийн хангалт, хэрэглээний байдалтай танилцана.
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын тусгай хувцас, нэг бүрийн болон хамтын хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд улсын байцаагчийн акт, дүгнэлт, шаардлага гаргана.
Ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн шинж байдлаас хамаарч Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Эх сурвалж: “Барилга.МН” сэтгүүл