Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН ХҮҮХДҮҮДИЙГ ХАЙЖ БАЙНА

С.Бадрал, iKon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад энэ сард бага насны хүүхдээ эзгүй хээр ганцааранг нь орхисноос болж, сураггүй алга болсон тохиолдол хоёр бүртгэгджээ.

Тодруулбал, Баян-Өлгий, Дорнод аймагт сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ сарын 7-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын малчин С-ийн  3 настай хүү Н гэрийнхээ орчим голын эрэг дээрээс сураггүй алга болсныг томилогдсон ажлын хэсгийнхэн эрэн хайж байгаа юм.

Мөн 8-ны баасан гарагт Дорнод аймгийн Сэргэлэн суманд нутаглаж буй иргэн Х-ийн охин 2 настай У ээжтэйгээ хамт малын бэлчээрт явж байгаад сураггүй алга болсон гэх дуудлагын дагуу аймгийн цагдаа, онцгой байдлын газар болон холбогдох албаныхан, ар гэрийнхнээс нь бүрдсэн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг хайж байна.   

Хэрэг гарах үед хүүхдүүд хөдөө хээр харгалзах хүнгүй явж байжээ. Эцэг, эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулах, анхаарал, сэрэмж алдсанаас хүүхэд төөрөх, зүггүйтэн тоглож яваад гол, нуурын усанд живэх зэрэг тэдний амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Өнгөрөгч онд эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцлага алдсаны улмаас хоёр хүүхэд осгож, таван хүүхэд усанд живж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн урин дулааны цагт хүүхдийн хамт гол, нуурын эрэг, уул хадтай газраар аялж, зугаалахдаа тэдний аюулгүй байдлыг сайтар хангах, хөдөө, хээр малын бэлчээрт бага насны хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

10.1.Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ:
10.1.1.хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх;
10.1.2.хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх;
10.1.3.хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах;
10.1.4.хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах;
10.1.5.хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах;
10.1.6.хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах;
10.1.7.хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах;
10.1.8.хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах;
10.1.9.хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх;
10.1.10.хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах;
10.1.11.хууль тогтоомжид заасан бусад гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: ЦЕГ