Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

27 жил үргэлжилсэн маргаан өндөрлөж, Македон улс нэрээ өөрчлөхөөр боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Грек, Македон улсууд Македон улсын нэрний асуудлаар 27 жилийн турш дипломат маргаан өрнүүлсний эцэст шийдэлд хүрсэн байна.

Одоо Македон улсыг Хойд Македон буюу Хойд Македоны Бүгд Найрамдах Улс гэж нэрлэх юм.

1991 онд Югослав улс задрахад Грекийн хойд талд үүссэн жижиг улс өөрийгөө Македон гэж нэрлэснээр маргаан эхэлсэн байна. Учир нь Грекийн хойд мужийг бас Македон гэдэг. Яваандаа хоёр улсын хооронд газар нутгийн маргаан гарахаас Грекчүүд болгоомжилж байв. Мөн Нийтийн Тооллын Өмнөх 4 дүгээр зуунд Их Александрын захирч байсан Македоны хаант улсад өнөөдрийн Грек бүхэлдээ багтдаг байв. Тиймээс Македон нэр бол эртний Грекийн соёлын нэг хэсэг, харин одоогийн Македончууд бол слав хэлтнүүд гэж үзэж байсан юм.

Грекчүүд эхэндээ Македон гэдэг нэрийг бүхэлд нь хасахыг шаардаж байсан. Харин ерөнхий сайд нарын тохиролцсоноор зөвхөн “Хойд” гэсэн тодотгол нэмэхээр болж байна. Нэрний маргаанаас болоод Грек улс Македоныг Европын Холбоо, НАТО-д элсэхэд нь үргэлж саад хийдэг байжээ.

1995 онд НҮБ тэдний хооронд зуучилснаар Македоныг FYROM (Former Yugoslav Republic of Macedonia) буюу Хуучин Югославын Бүгд Найрамдах Македон Улс гэж нэрлэхээр түр тохиролцоо хийж байв.

Харин өчигдөр тэд нэг мөсөн өөрчлөх нэрээ тохиролцжээ. Македон хэлээр Северна Македония гэх нэртэй шинэ улс ийнхүү үүсэж байна.

Гэхдээ хоёр орны ерөнхий сайд нарын хийсэн тохиролцоог одоо тус тусын парламентаар батлуулах ёстой. Үүний дараа албан ёсны нэр болох юм.

 

Эх сурвалж: Quartz