Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Олборлох үйлдвэрлэлийн Монгол Улсын эдийн засагт оруулсан ХУВЬ НЭМЭР

ikon.mn
2018 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Олборлох үйлдвэрлэл (ОҮ) нь Монгол Улсын эдийн засгийн томоохон хэсгийг бүрдүүлдэг салбар бөгөөд 2017 онд ОҮ-ийн ДНБ-д эзлэх хувь 22% байсан.

ОҮ-ийн ДНБ-д оруулж буй хувь нэмэр бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр байгаа ба хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, мөн барилга ба үл хөдлөх хөрөнгийн салбарууд удаалж байна.

ОҮ-ийн ДНБ-д оруулсан хувь нэмэр

Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо, www.1212.mn


*Монгол Улсын хэмжээнд салбарын албан бус үйл ажиллагааны талаарх мэдээллийн албан ёсны эх сурвалж байхгүй боловч ОҮ-ийн салбарт нийт 60-70 мянган уурхайчид хувиараа ажиллаж байгаагийн 10 гаруй хувь нь ямар нэгэн байгууллагын дор үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн тоо мэдээ бий.

ЗГ-ийн орлогод эзлэх ОҮ-ийн орлого

19%-г задлаад харвал

2016 онд ОҮ-ийн салбараас Засгийн газар нийт 1,086 тэрбум төгрөгийн орлого хүлээн авсан ба энэ нь тухайн жилийн нийт орлогын 19%-ийг бүрдүүлж байна. 2016 онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 257 тэрбум төгрөг, татвараас (үүнд ААНОАТ, НӨАТ, Гаалийн албан татвар болон Орон нутгийн албан татвар багтана) 367 тэрбум төгрөгийн орлогыг тус тус хүлээн авсан байна. ОҮ-ээс Засгийн газрын хүлээн авсан орлогын дийлэнх хэсгийг буюу 34%-ийг татвар бүрдүүлж байгаа бол 24%-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлж байна. 2016 оны Засгийн газрын орлогын томоохон хэсгийг Эрдэнэт Үйлдвэр ХХК, Оюу Толгой ХХК-ууд бүрдүүлсэн байна.

ОҮ-ийн Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр

Эх сурвалж: www.mof.gov.mn, www.eitimongolia.mn


ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА МОНГОЛ УЛСАД

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга гэж юу вэ?

Байгалийн баялгаас (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий) олж буй орлогыг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад нь оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл юм. Одоогоор байгалийн баялаг ихтэй дэлхийн 52 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээр нэгдэн орж, Монгол Улс ОҮИТБС-ын олон улсын стандартын шаардлагыг хангасан 2 дох орон боллоо. 

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга юу хийдэг вэ?

Нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгоно. Энэхүү үйл явцыг төр, компани, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий олон талт оролцогчдын бүлэг удирдан явуулж, хянан зохицуулна.

Монгол Улсад ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч, Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээтэй нийт 2200 гаруй компани жил бүрийн ОҮИТБС-ын тайланг гаргах шаардлагатай. Уг тайланд компаниудын олборлосон болон борлуулсан бүтээгдэхүүн, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн бүх төрлийн татвар, төлбөр, хураамж, шимтгэл, ногдол ашиг, төрийн байгууллага болон иргэд, ТББ-уудад өгсөн хандив, дэмжлэгийг тусгадаг.

Нөгөө талаас төрийн холбогдох байгууллагууд эдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнадаг. Эдгээр төрийн байгууллагууд нь Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, үнэт металлын сорьцын хяналтын газар, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн засаг даргын тамгын газрууд болно.

Компаниудын болон төрийн байгууллагуудын анхан шатны тайланг хүлээн авсаны дараа Хараат бус хянагч, нэгтгэгч томилогдож ОҮИТБС-ын тайланг бэлтгэх, санхүүгийн мэдээллийг тулган баталгаажуулах ажлыг хийнэ. Хараат бус хянагч, нэгтгэгчийг жил бүр сонгон шалгаруулалтаар сонгон авдаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаадын болон дотоодын аудитын компаниудын түншлэл байдаг. Хараат бус хянагч нэгтгэгч нь ОҮИТБС-ын Ажлын хэсэгтэй зөвшилцөн тайланд хамруулах мэдээлэл, тулган баталгаажуулалт хийх санхүүгийн мэдээллийн босго зэргийг тохиролцоно.

Манай улс олборлох салбараас Засгийн газрын хүлээн авсан орлогын 98% ийг жил бүр тулган баталгаажуулж байгаа бөгөөд энэхүү орлогыг 200 гаруй компаниуд бүрдүүлж байна.

ОНЦЛОХ ТООНУУД

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,225 компани 3,708 тусгай зөвшөөрөлтэй талбай дээр 63 төрлийн ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

ОҮИТБС-ын тайлан гаргалт (2006-2017)

ОҮИТБС-ын нэгдсэн тайлан, аудитын өмнө (2006-2016 он)

Тайлбар: Засгийн газрын хүлээн авсан орлого, компанийн төлсөн төлбөрийг тулгахад их хэмжээний зөрүү үүсдэг. Хараат бус хянагч, нэгтгэгч аудитын явцад зөрүүний учир шалтгааныг тодруулж бүртгэлтэй холбоотой алдааг залруулж, тохируулга хийдэг.


ОҮИТБС-ын нэгдсэн тайлан, аудитын дараа (2006-2016 он)

Тайлбар: Энэхүү үйл явц нь төрийн болон аж ахуйн нэгжийн нягтлан бодох бүртгэлийг сайжруулахад хувь нэмэр оруулж байна.


ОҮИТБС-ын нэгдсэн тайлангаар шийдэгдээгүй үлдсэн зөрүү (2006-2016 он)

Тайлбар: Шийдэгдээгүй зөрүү гэдэг нь аудитын нэгтгэлээр тайлбарлагдаагүй үлдсэн зөрүүг хэлнэ.


ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Тухайн уул уурхайн үйл явцаас хамааран уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай байдаг. 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт 2,225 компани 3,708 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

 

www.eitimongolia.mn