Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлт Р.Амаржаргалын жишгээр явах уу. Эсвэл...

Б.Номин, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж буй талаараа өчигдөр мэдээллээ. Түүний нэр холбогдсон хүчингийн гэмт хэрэг өөрийг нь төдийгүй гэр бүл, намын нөхөд, энэ удаагийн парламент болон гурван бүсгүйн нэр хүндтэй хутгалдан жил тойрсноо өөрөө дурдаад уучлалт гуйв. Үүнийг нь оройтсон борооны хойноос цув нөмөрлөө гэж ч хэлж болох юм. Гэхдээ л тэр эцэст нь чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө.

Тэгвэл УИХ-ын гишүүн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хуульд хэрхэн тусгасан байдгийг сөхөн харъя. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-т “Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно” хэмээн заасан байна. Энд “Хүсэлтийг УИХ хүлээн авсан тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно” гэснийг тодотгоё. Учир нь өнгөрсөн парламентын үед гишүүн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ч УИХ-аар хүлээн аваагүй тохиолдлыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын XXI Ерөнхий сайд Р.Амаржаргалын жишээгээр тайлбарлаж болох юм.

Хуулийн дагуу түүний гаргасан чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцсэн ч гишүүд дэмжээгүй байдаг. Гэхдээ түүний хүсэлт УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүсэлтээс ялгаатай нь чөлөөлөгдөх хүсэлтээ тухайн үеийн Засгийн газар болон нэг танхимын нөхдийнхөө хариуцлагагүй шийдвэр, улсын төсвийн үрэлгэн зарцуулалт зэрэг нь эдийн засгийн хүнд нөхцөлийг бий болгосон, улс төрийн намын хараат боловсон хүчин, түүнээс үүдэлтэй чадавхгүй төрийн алба зэргийг чөлөөлөгдөх хүсэлтдээ шүүмжилсэн байдаг.

Тиймээс ч "Улс төрийн хариуцлагын үлгэрлэл үзүүлэх алхам хийж, УИХ, Засгийн газрын хариуцлагагүй шийдвэр, үйлдлийн өмнөөс хариуцлагыг би хүлээе" хэмээн чөлөөлөгдөх үндэслэлээ тайлбарласан байв. Ийнхүү дан ганц өөрийн гаргасан шийдвэрийн төлөө бус нэг ширээний ардаас хууль, тогтоол батлалцаж байсан нөхдийнхөө өмнөөс хариуцлага хүлээхээр хүсэлт гаргасан байхад түүнийг ёс зүйтэй УИХ-ын гишүүн гэж хэлэхэд буруутахгүй биз.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээллийнхээ үеэр “Үнэндээ Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшигчээ дэмжиж, хэт дэврүүн мэдэгдэл хийж байсандаа, яг одоо энэ үйлдлийг хийгээд зогсох хүртлээ явсандаа харамсаж байна. Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улс төр байсан гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна" хэмээн өөрийн гаргасан шийдвэрээ тайлбарлав.

Түүнчлэн “УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо энэ бүх давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа хүлцэл өчье. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа гишүүдээс хүлцэл өчиж байна.

Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувь нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсэж байсан ч чадаагүйдээ харамсаж байна" хэмээсэн нь ард түмнийг төлөөлөхөөр сонгогдсон гишүүнээсээ бүтэн нэг жилийн хугацаанд нэхсэн УИХ-ын гишүүний ёс зүйн үнэр хожимдсон ч жаахан үнэртлээ гэж хэлж болох юм.

Гэхдээ л хоёр гишүүний гаргасан ёс зүйн үйлдлийн хооронд асар их зөрүү байгаа ч чөлөөлөгдөх хүсэлтэд хуулийн ижил заалт үйлчилнэ. Дээр дурдсанчлан Д.Гантулга гишүүний хүсэлтийг эхлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гарсан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулан нууц санал хураалтаар шийдвэрлэх юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар УИХ-аар дөнгөж гараад байсан шийдвэртэй холбогдуулан харвал түүнийг чөлөөлөхгүй байх ч магадлалтай юм. Нэг үгээр хэлбэл, энэ асуудал дээр Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын жишиг давтагдах магадлалтай.

Харин нөгөө талаас түүнийг чөлөөлөх шийдвэрийг УИХ-аас гаргавал Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд явуулна хэмээн заасан байгаа. Түүнчлэн тус хуулийн 52.6-д зааснаар “Орон гарсан УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” хэмээн заасан нөхцөлтэй харшлахгүй тул энэ тохиолдолд Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах юм.

Зураг