Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

2018 он гарсаар үнэт цаасны данс шинээр нээлгэсэн иргэдийн тоо ТАВ дахин нэмэгджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөрөнгийн зах зээлд өрнөж буй ОНЦЛОХ 8 үйл явдал 

Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайн тодорхойлсончлон 2017 он МХБ-ийн хувьд хөгжлийн жил байсан. Үнэхээр ч ингэж тодорхойлохоос аргагүй. Тус бирж байгуулагдсанаасаа хойших 26 жилийн түүхэнд анх удаа хамгийн өндөр амжилтыг 2017 онд тамгалж чадсан. Тэгвэл энэ амжилтын буухиа 2018 онд ч үргэлжилсээр байгааг дараах тоо баримтууд өөрсдөө танд “хэлнэ”. 
Ингээд 2018 он гарснаар Монголын Хөрөнгийн биржид өрнөөд байгаа онцлох 8 үйл явдлыг нэрлэж байна.
1. Хувьцааны арилжаа эрс идэвхжив
 

Монголын Хөрөнгийн бирж дээр 2017 онд анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь 2015 оны өмнөх дээд үзүүлэлтээс 57.2 хувиар өссөн дүн болов. Үүнд жин дарж буй Засгийн газрын үнэт цаасны арилжааг “дарж” тооцвол 134 компанийн 106.1 сая ширхэг хувьцааг 76.4 тэрбум төгрөгөөр арилжжээ. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар 115 компанийн 273.5 сая ширхэг хувьцааг 17.6 тэрбум төгрөгөөр арилжсан байх юм. Энэ нь өмнөх оны мөн үеэс 12.65 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Хувьцааны арилжаа эрс идэвхжсэнийг энэ тоо илтгэнэ.

2. Хөрөнгийн зах зээлд 17.69 тэрбум төгрөг эргэлдэж байна

2017 оны эцэс гэхэд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2016 оныхоос 65.5 хувь өсч, 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь мөн л түүхэн үзүүлэлтэд тооцогдож буй. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар дээрх тоо 2.59 их наяд төгрөгт хүрчээ. Өдгөө хөрөнгийн зах зээлд нийт 17.69 тэрбум төгрөг эргэлдэж байна.  

3. Анхны финтек компани 43.98 тэрбум төгрөгийн захиалга авав  
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын анхны финтек компани “ЛэндМН” дотоодын хөрөнгө оруулагчдыг “нойр”-оос нь сэрээсэн гэвэл та санал нийлэх үү? Монголын хөрөнгийн биржид анх удаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч буюу ББСБ IPO хийсэн нь яах аргагүй түүхийн шинэ хуудсыг нээсэн үйл явдал байлаа.

Олон нийтээс бараг нэг арилжааны банк байгуулах хэмжээний буюу 43.98 тэрбум төгрөгийн захиалга орж ирсэн. 

2018 онд МХБ-ийн анхны IPO-г хийсэн “ЛэндМН” ББСБ нийт хувьцааныхаа 25 хувийг олон нийтэд санал болгож, таван тэрбум төгрөг босгох зорилго тавьсан. Гэтэл олон нийтээс бараг нэг арилжааны банк байгуулах хэмжээний буюу 43.98 тэрбум төгрөгийн захиалга орж ирсэн нь энэ зах зээлд тоглогчдын анхаарлыг яах аргагүй татсан. Өнөөдөр тус компанийн хувьцаа хамгийн өсөлттэйд тооцогдсоор байгааг Монголын Хөрөнгийн биржийн мэдээллээс харж болно. 

4. “Монгол Базальт”-ын захилга 3.1 дахин давав
 

2018 оны хоёр дахь IPO-г чулуун хөвөн материал үйлдвэрлэгч Монголын анхны бөгөөд цорын ганц компани болох “Монгол Базальт” гаргасан. Компанийнхаа 30 хувь болох 16,920,100 ширхэг хувьцааг санал болгож, 6.4 тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн ч захиалга нь мөн л 3.1 дахин давж ирэв. “Монгол Базальт”-ын хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эд үргэлжилж байна. 

5. Үнэт цаасны данс шинээр нээлгэсэн иргэдийн тоо 4.7 дахин нэмэгджээ

Санхүүгийн зах зээлийг иргэд сонирхож, хөрөнгө оруулах эрмэлзэлтэй болсныг дараах тоо харуулах байх. “ҮЦТХТ” ХХК-д 2018 оны I улиралд 19,769 данс шинээр нээгджээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс 4.7 дахин буюу 372 хувиар өссөн үзүүлэлт.  Хүмүүс мөнгөө хадгаламжид хав дарахын оронд санхүүгийн зах зээлд эргэлдүүлэх хувилбар байдаг талаар тодорхой ойлголттой болсны жишээ энэ. Гэхдээ хувьцаа худалдан авснаараа тухайн компанид хөрөнгө оруулж, өөрөө тухайн бизнест оролцож буй гэдгээ иргэд ухамсарлах хэрэгтэй. Тийм ч учраас эрсдэл хүлээж буйгаа мартаж болохгүй болов уу. 

“ҮЦТХТ” ХХК-д 2018 оны I улиралд 19,769 данс шинээр нээгджээ. Энэ бол өмнөх оны мөн үеэс 4.7 дахин буюу 372 хувиар өссөн үзүүлэлт.

Хэрэв ганцхан улиралд 400 орчим хувиар шинээр данс нээлгэж буй эдгээр хөрөнгө оруулагч иргэд мэдлэг, мэдээлэлтэй байж, урт хугацааны зөв шийдвэр гаргавал энэ зах зээл тэлэх боломжтой. “2017 онд банкин дахь иргэдийн хадгаламжийн хэмжээ нэг тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Энэ мөнгө хөрөнгийн зах зээлд орж ирэх бүрэн боломжтой” хэмээн МХБ-ийн захирал Х.Алтай дурдсан.

6. Гадаадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанид монгол иргэд хөрөнгө оруулах боломж бүрдэв 

Товчхондоо давхар бүртгэл, тодруулбал Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээдийн үнэт цаасыг Монгол Улсад гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журмыг 2017 оны долдугаар сард Санхүүгийн зохицуулах хороо баталсан. Монголын хөрөнгийн зах зээлд 2018 онд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтрэх үүд хаалгыг эл журам нээв. 

 

Улмаар Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" компани Монголын Хөрөнгийн биржид үнэт цаасаа шинэхэн бүртгүүлээд байна. Ингэснээр тус компанийн нэг бүр нь 640 төгрөгийн үнэтэй 4,000,000 ширхэг хувьцаанаас Монгол Улсын иргэд худалдан авч, алтны үндсэн ордын хайгуулын төслүүдийн үр өгөөжийг хамтран хүртэх боломж бүрдэж буй. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн 30 гаруй компани бий. Дээрх журам батлагдсанаар эдгээр 30 компани Монголдоо IPO хийж, иргэдэд хувь эзэмшүүлэх боломж бүрдэж байгаа нь энэ. 

Тухайлбал, Монголоос цэвэршүүлсэн нүүрс экспортолдог цорын ганж компани болох “Энержи Ресурс”-ийн хувьцаа эртнээс л дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолд явж ирсэн. Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ММС-ийн хувийг иргэд хүртэх боломж магадгүй энэ журмаар тавигдах нь. МХБ-ийн захирал Х.Алтай “Дараа жилийн хоёр, гуравдугаар улирлаас эхлэн dual listing буюу давхар бүртгэлийн хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн манай бирж дээр гарах болно. Энэ жилийн тренд энэ хурдаа хадгалаад явбал 2018 он энэ оноос хамаагүй илүү байж чадахаар байгаа” хэмээн ярилцлагадаа онцолсон. Хүлээлт ч өндөр байна. 

7. Энэ онд 145.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь

Хөрөнгийн зах зээлийн хувьд хөрөнгө оруулагчдад хамгийн чухал үзүүлэлт нь өгөөж. Хувьцаа эзэмшигчдэд хүртээх ногдол ашгийн хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа нь таатай. Тухайлбал, 2015 онд 7.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2017 онд энэ тоо 69.5 тэрбумд хүрч өсчээ.  

Тэгвэл энэ онд 21 хувьцаат компани 145.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах нь. Үүнээс хамгийн их ногдол ашгийг 2017 онд 428 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан “орон нутгийн” тодотголтой “Тавантолгой” хүртээж буй. Тус компани сүүлийн долоон жил(2011-2017)-д  нийт 302 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан үзүүлэлтээрээ МХБ-ийн түүхэнд толгой цохиж байгаа. 

Харин үүний араас өнгөрсөн онд хувьцаандаа өөрчлөлт оруулж, нэг тэрбум төгрөгийн буюу МХБ дээрх хамгийн өндөр үнэлгээтэй компани болох АПУ 10.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаа мэдээлжээ. “Сүү”, “Гутал” компаниуд нэг тэрбумаас дээш төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлээд байгаагаа мөн зарласан. 
Ногдол ашиг тарааж буй компаниудын тоо хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт компанийн 10 хувиас хэтрэхгүй байгаа ч ашиг өссөн нь Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлж буй тайлангуудаас харагдаж байна. Энэ нь бизнесийн орчин бага боловч сайжирч буйн дохио.  

8. Ирэх намар хоёр компани IPO хийнэ

Хөрөнгийн зах зээлд тун удахгүй үнэт цаасаа гаргахаар хүлээгдэж буй компаниудын дотор даатгалын үйлчилгээ үзүүлдэг хоёр ч компани багтсан нь содон. Санхүүгийн зохицуулах хорооноос хараахан мэдээлээгүй байгаа ч даатгалын компани болохыг МХБ-ийн захирал дурдсан. ”Даатгалын компаниудын тодорхой хэсэг нь хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хэлбэрээр буцаж орж ирдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл санхүүгийн зах зээлд хараахан үүсээгүй байсан мэргэжлийн хөрөнгө оруулалтын суурийг тавьж байгаа үйл явдал” хэмээн МХБ-ийн захирал Х.Алтай Блүмберг телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон. Энэ нь Монголын Хөрөнгийн биржийн хувьд мөн л цоо шинэ бүтээгдэхүүнд тооцогдож байна.