Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын засгийн газар Трамп-Кимийн уулзалтыг зохион байгуулахад $15 саяыг зарцуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын удирдагчтай анх удаа уулзахаар Сингапурт зочлон ирээд байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хүлээн авагч улсын ерөнхий сайд Ли Сиен Лүүнтэй уулзжээ.

Трампын онгоц өнгөрсөн шөнө Арслан хотод газардсан юм. Ерөнхий сайд Ли “Бид маргааш маш чухал уулзалт зохион байгуулна. Уулзалт сайн үр дүнтэй болно гэдэгт бид итгэж байна” хэмээн хэлжээ.

Трамп хариуд нь “Та бүхний зочломтгой зан, мэргэжлийн ур чадвар, нөхөрсөг харилцаанд бид гүнээ талархаж байна” хэмээн хэлсэн байна.

Сингапурын засгийн газар энэ удаагийн уулзалтыг зохион байгуулахад 20 сая сингапур доллар буюу $15 саяыг зарцуулж байгаа ажээ. Үүнд Хойд Солонгосын төлөөлөгчдийн зардал багтаж байгаа гэнэ.

Өнөөдрийн уулзалт дээр Сингапурын тал төрсөн өдрийн бялуугаар АНУ-ын ерөнхийлөгчид гэнэтийн бэлэг барьжээ.

Трамп ирэх Пүрэв гарагт 72 нас хүрэх юм байна.

Сингапурын гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан “Төрсөн өдрийг нь арай эрт тэмдэглэж байна” хэмээн бялууны ард суугаа Трампын зургийг твиттер хуудсандаа нийтэлжээ.

Дональд Трамп уулзалтын маргааш буюу Лхагва гарагт буцах төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: South China Morning Post