Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Британий компаниуд гүйцэтгэх захирал, энгийн ажилтан хоёрынхоо цалингийн зөрүүг зарладаг болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайд Тереза Мэй, сайд Грэг Кларк нар

Британий парламент тус улсын компаниудын гүйцэтгэх захирал болон дундаж ажилтны цалингийн зөрүүг нээлттэй зарладаг болгох хуулийг өнөөдөр хэлэлцэх гэж байна.

Тус улсын засгийн газрын бизнесийн асуудал эрхэлсэн сайд Грэг Кларкын ярьснаар 250-аас дээш ажилтантай бүх компани “pay ratio” буюу цалингийн харьцаа гэдэг үзүүлэлтийг нийтэд зарлаж, хэрхэн тогтоосныг тайлбарладаг болох гэнэ.

Сүүлийн үед Британий компаниудын хувь эзэмшигчид гүйцэтгэх захирлуудын хэт өндөр цалин хангамжийн талаар шүүмжлэх болсон. Хэрвээ энэ журмыг парламент дэмжвэл 2020 оноос эхлэн хэрэгжих гэнэ.

Кларк “Британий ихэнх том компаниудын бизнесийн үйл ажиллагаа зөв явагддаг гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ компанийн үр ашигтай уялдаагүй захирлуудын цалин хангамж ажилчид, хувь эзэмшигчдийг бухимдуулж байгааг бид ойлгож байгаа” гэж ярьжээ.

Сүүлийн үед Shell, Lloyds, AstraZeneca, Playtech, William Hill, GVC, Inmarsat зэрэг компаниудын удирдлагын цалин хөлстэй холбоотой шүүмжлэл хувь эзэмшигчдээс нь гарах болсон юм. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт барилгын Persimmon компани ямар үндэслэлээр гүйцэтгэх удирдлагууддаа 100 сая фунт стерлингээс ($134 сая) дээш цалин урамшуулал олгох болсныг бухимдсан хувь эзэмшигчидэд тайлбарлахад хүрсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian