Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хур бороог тэнгэрээс бус газраас гуйдаг

ikon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN

Р.ЭМҮЖИН

Таван хошуу малаа тал дүүрэн тааваар бэлчээдэг таван мянган жилийн туршлага монголчууд бидэнд бий. Өнөөг хүртэл малаа өсгөх нь өрх бүрийн эрхэм зорилго байв. Гэвч нэг л өдөр бэлчээргүй болчихно гэж хэн ч санасангүй. Сая саяар тоологдох малтай болсон ч саахалтын айлтайгаа бэлчээр булаацалддаг бас нэгэн зовлонтой болчихлоо. Бэлчээр хэмээгч нь зөвхөн мал, малчин хоёрт хамаатай бус, хүмүүс бидний амьдран буй орчин, амьсгалж буй агаар, улмаар унд хоол, царай зүс, эрүүл мэндтэй салшгүй холбоотой гэдгийг саяхнаас хаа хаанаа ухаарч эхлэв.

Баянхонгорын малчид бэлчээрийн төлөө малын тоогоо зохицуулдаг болно

 

Цөлжсөн бэлчээр, ангасан хөрс, хатсан горхи шанднаас улбаалан цаг улирал ч харсаар байтал өөрчлөгдөж, ган, зуд гамшиг болтол нэрмэдэг боллоо. Засаг төр үүнийг олж харж, шийдвэртэй алхамууд хийж эхэлжээ. Чухам Монгол даяар нүүрлээд байгаа энэ бэрхшээлийг давж туулах зөв арга замын эрэлд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг, Швейцарын Хөгжлийн Агентлагийн “Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн, судлаач, доктор Д.Булгамаа, тус аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал П.Батчулуун нарын хамт нэгэн баг болон мордсон маань энэ. Түүнээс гадна очсон баг, сумдын засаг дарга, багийн дарга нар хамтран ажилласан. Тус аймгийн Баянговь, Шинэжинст сумын малчдад цаашдаа орон даяар хэрэгжих  “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам”-тай бусдаасаа түрүүлэн танилцах, хэрэгжүүлэх боломж олдсон нь энэ.

Баянхонгор аймгийн ИТХ-аар баталж, тавдугаар сарын 7-ны өдөр гараанаас гарсан “Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах үлгэрчилсэн журам” 10 сумын 42 багт хэрэгжиж эхлээд байна.  Монгол Улсад анх удаа малын тоо толгойг даацад нь  тохируулах, бэлчээрийг зөв зохистой ашиглах шаардлагатай талаар хэлэлцэн журамлаж, эхнээсээ ажил хэрэг болоодбуй нь энэ юм. Ингэснээр орон даяар нүүрлээд байгаа бэлчээрийн дажинг зохицуулах аянд Баянхонгорчууд түүчээлэн орлоо.

Бороогүй хатаж, бэлчээргүй гундав

1961 оноос хойш ажиглагдах болсон цаг агаарын өөрчлөлтийн заримаас дурдъя. Тухайлбал халуун өдрийн тоо 16-25%-аар нэмэгдсэн,  жилийн нийлбэр тунадасны хэмжээ 9,4%-аар буурсан, нийт бэлчээрийн 65% нь доройтолд өртсөн байна гэсэн судалгааг Ус, Цаг уур, Орчны судулгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргажээ. Бороогүй хатаж, бэлчээргүй гундах болсны  шалтгаан нь,ерөөсөө л эмх замбараагүй ашиглалт, малын тоо толгой бэлчээрийн даацтай харьцуулахад дор хаяж 2-3 дахин их байгаатай холбоотой аж. Гэтэл эдгээр тоо, баримт судалгааг дурдахын ч хэрэггүйгээр байгаль дэлхий өөрөө малчдад хангалттай мэдрүүлдэг болжээ. Үнэхээр Баянхонгор аймаг, ер манай орны бүхий л бүс нутгаар\энд бараг бүх нутаг хамаарна\ цөлжилт энгийн нүдэнд ч илт мэдэгдэхээр болж, мөнхүү малд идэмжтэй буюу баялаг шим тэжээлтэй ургамал устаж, хөрс суларч, мэрэгч амьтад өсч, гол горхи ширгэж байгааг харж болохоор байна. Малчид ч бэлчээрийн доройтлыг амьдралаараа туулж, хэдэн малаа туугаад хамар хатгах өвс, харз усны эрэлд мордох болсоор олон жилийг үдлээ. Тиймээс ч асуудлыг нь шийдэлцэхээр бодлого боловсруулж буй төр засаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо болон“Ногоон алт, Малын эрүүл мэнд” төслийнхний хийж буй ажлыг дэмжиж хамтран ажиллахааочсон газар бүрт илэрхийлж байлаа.

Мал өлсөж байна

Бэлчээрийг дөрвөн улирлаар сэлгэж, ган, зудын үед ашиглах нөөц нутаг үлдээдэг нь нүүдэлчин ард түмний олон зууны туршид мөрдөж ирсэн малаа адгуулах гол арга барил. Гэвч тоо толгой нь хэрээс хэтэртэл өссөнөөр мал гээч амьтан “өлсгөлөнд” нэрвэгдэх болжээ. Ийнхүү байгалийн бэрхшээлийг даван туулах гол арга зам болсон уламжлалт нүүдэл суудлын үр өгөөж буурч, ихэнх аймаг сумд оторлох нутаггүй болсноор малчид замбараагүй нүүдэллэж, бэлчээр  туурайн зудад нэрвэгдэх нь олшров. Олон жилийн судалгаанаас харахад малын бие давжаарч, түүнээс гарах ашиг шим, бүтээгдэхүүний чанар мөн буурсаар ирсэн нь үүнтэй холбоотой аж. Энэ нь эргээд малчдын төдийгүй улс орны эдийн засагт хор хөнөөлтэй гэдэг нь маргаангүй юм.

Бэлчээрийн даац 10 дахин хэтэрчээ

Баянхонгор аймгийн хэмжээнд нийт бэлчээрийн 65 хувь нь хөрсний доройтолд өртөөд байна гэсэн судалгаа гаргажээ. 2011 онд нийт малыг хонин толгойд шилжүүлснээр 100 га-д 52 толгой мал оногдож байсан бол 2017 онд 89,4 толгой болж өсчээ. Сүүлийн таван жилийн байдлаас харахад мал сүргийн тоо толгой жил дараалан өсч, 2017 онд аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай, 30 орчим хувь гандуу байснаас мал сүрэг тарга авч чадаагүйн дээр бэлчээрийн мониторингийн 192 цэгт малын хөл болон ашиглалтын нөлөөг үнэлэх фотомониторингийн аргаар тооцож үзэхэд бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн гэсэн дүн гарчээ. Үндэсний хэмжээнд хийсэн энэхүү судалгааны дүнгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн ихэнх бэлчээрийн даац хэтрээд буйг мэргэжилтнүүд төдийгүй малчид онцолж байсан юм.

Төр, малчин хоёр зорилгоо нэгтгэх цаг иржээ

 

Яагаад бүс нутаг гантай байна вэ, яагаад бороо хур орохгүй, өвс ургахгүй байна вэ. Үүл үүсэх, бороо орох гэдэг маань газрын хөрсөн дэх чийг агаарт ууршин дэгдэж, үүл болж, эргээд газарт буудаг үзэгдэл. Гэтэл цаг агаарын хэт хуурайшилттай, ургамлын бүрхэвч хомс, хур тунадас үүсэх боломж тааруу, үүнээс шалтгаалан улаан шороо эргэлдсэн хуурай цөлжилтийн нөхцөлд борооны үүл байтугай нь тогтох аргагүй юм. Хэдийгээр хур бороо тэнгэрээс ордог боловч, газраа тордож, арчлахгүй бол шаагисан аадрыг хүсээд ч, хүлээгээд ч, гуйгаад ч нэмэргүй гэдгийг цөлжиж буй газар нутаг маань гэрчилнэ. Ангаж хатсан газраас үүл болон дэгдэх ус, чийг хаанаасаа олох билээ. Ангасан газар өвс ургахгүй, ургасан ч цухуйсных нь хэрээр мал идчихээд байгаа хэрэг. Хэн ч эвдэж чадахгүй байгалийн гинжин хэлхээ өнөөдөр хүн, малын хөлөөр эвдэрч, экологийн тэнцвэр үгүй болжээ. Нүүрстөрөгчийн хийг шингээн авах ногоон ургамлан бүрхүүлгүйн улмаас хэт халалт, хэт хуурайшилт нүүрлэж, өвсгүй тал, усгүй шанд бараадан өлдөж цангасан мал, туйлдаж ядарсан малчид тэнгэр царайчилж, газар аргадахаас өөрийг мэдэхгүй сууна. Энэ гацаанаас яаж гарах вэ. Монгол нутаг бүхэлдээ цөлжих хүртэл юу ч хийхгүй суусаар л байх уу. Яг энэ асуултад хариулахын тулд төр малчин хоёр зорилгоо нэгтгэх цаг иржээ. 

Буудах үүлгүй, орох бороогүй

Бидэнтэй хамт ажилласан Баянхонгор аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаныхан “Уаз 469” машиндаа үүл буудах бүхий л тоног, сум хэрэгсэл ачиж явсан. Тэд цаг үргэлж буудчихаж болох үүл хайж явсан боловч долоо хоногийн хугацаандхоёр сумын нутаг дамнасан их замд нэг ч удаа тааралдсангүй. Хаана ч очсон хамар хатгах өвсгүй, сүүдэр тусгах үүлгүй. Малынхаа өмнөөс гол нь харлаж, өр нь зангирсан малчид очсон газар бүрт угтана. Уг нь говийн хөрс хангай газрынхыг бодвол чийг шингээхдээ сайн, авсан чийгээ удаан хугацаанд барьдаг онцлогтой боловч, бэлчээр муудаж, хур бороогүй удсанаас өнгөн хөрс хатуурч, давхарга үүсч, хэр баргийн бороо газрын өнгөн хэсгийг нэвтэлж чадахгүй, гадаргуугаар урсахаар байдалд оржээ. Аян замын бид ч, алсыг саравчилсан малчид ч, ангаж өлдсөн мал ч бүгд бүртийх үүл харуулдан тэнгэр нэгжсэн тийм л өдрүүд байлаа.

Малаа цөөлж малаа аварна

Мянгат малчин гэж нэгнийгээ мандуулдаг, шагнадаг цаг ард хоцрох нь ээ. Баянхонгороос түүчээлэн эхэлсэн, эдүгээ хэлэлцүүлгийн шатанд буй Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмаар бол нэг айл 400-500 тоо толгой малтай байх ёстой. Үүнээс олон малтай малчин татвар төлдөг болох юм. Малчдаас төвлөрсөн татвар дээр улсаас мөн адил хэмжээний мөнгөн хөрөнгийг нэмэрлэнэ. Ингэснээр эдүгээ үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг сайжруулах зорилготой мөнгөн сан бий болно. Мөнхүү гадна дотны төсөл хөтөлбөр ч үүнд санхүүжилт нэмэрлэх юм билээ. Хамгийн таатай мэдээ гэвэл энэ цугласан хөрөнгийг баг бүрийн иргэдийн хурлаар, тухайлбал малчдын өөрсдийн шийдвэрээр эргээд бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулахад зориулна. Худаг ус гаргах, бэлчээрхадлан сайжруулах зэрэг үйл ажиллагаанд зарцуулснаар цөлжилт багасч, газрын өгөөж нэмэгдэнэ. Мал нэг бүрийн ашиг шимийг нэмэгдүүлж, тоо толгойг тохируулснаарбэлчээрийн нөөц нэмэгдэж, хөрсний эвдрэл эргэн сэргэнэ гэсэн үг. Малаа цөөлж малаа аврах арга замыг үүнээс өөрөөр яаж тодорхойлох билээ.

Төгсгөлийн оронд

Чухамдаа Унгар буюу Мажарын талаас Манжуур хүртэлх Евро Азийг холбосон цорын ганц хээр талыг авч үлдэхийн тулд өөрчлөлт шинэчлэлтийг бид өөрсдөөсөө эхлэх ёстой. Учир нь хэдэн зуун төрлийн эмийн ургамал, сүрэг сүргээрээ давхилдсан бөхөн, зээрийн өлгий, шимт малын бэлчээр болох энэ уудам бүс нутаг таримал бэлчээр тариалж байгаагүй дэлхийн сүүлчийн онгон байгаль юм.  Эрүүл мах, сүү энэ байгалиас л эхтэй.

Бэлчээр ашиглалтын тухай малчдын сэтгэгдэл:

Асуулт:

  1. Бэлчээр ашиглалтын журам амьдрал дээр биеллээ олно гэж бодож байна уу?
  2. Энэ журмын тухайд таны сэтгэгдэл?

 
Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор багийн малчин Д.Эрдэнэцэцэг
  1. Малчид яг дагаж мөрдөх эсэх дээр эргэлзэж байна. Ер нь бол бэлчээрийн даац хэтэрснийг хүн бүр мэдэж байгаа ч яг малаа цөөлөх гэх малчин олдох болов уу. Өнөөдөр ихэнх нь зээлтэй, малаа өсгөж, ашиг шимийг нь борлуулж байж л амьдарч байгаа. Харин төр засгаас дэмжихгүй л бол цөөлөх боломж байхгүй байх.
  2. Журам бол цагаа олсон, зарим талаараа оройтсон. Аль хэдийнэ, ялангуяа говийн бэлчээрийн даац хэд дахин хэтрээд удаж байна. Тиймээс жаахан оройтсон ч гэсэн маш зөв журам гарч ирлээ. Гэхдээ дээр хэлсэнчлэн төр засгаас л сайн дэмжиж өгөх хэрэгтэй.

 
Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор багийн малчин В.Сүхээ
  1. Амьдрал дээр биеллээ олохгүй гээд яах билээ. Бэлчээрийн даац хэтэрхий их байна. Хүссэн хүсээгүй байгаль нь шаардаад байгаа зүйлийг яалтай билээ. Манай нутагт энэ жил гантай байна. Ер нь говь нутагт хуурайшилт их л дээ. Саяхан хэсэгхэн газарт шөнө бороо ороод хоносон. Гэтэл хэдэн сумын малчид малаа тууж очоод өвсний толгойг цухуйсных нь хэрээр идээд, талхлаад л өнгөрлөө. Ёстой хамар хатгах өвс гарч чадахгүй байна.
  2. Маш зөв. Гарсан асуудлыг ойлгож, шийдэхээр нэгдэж байгаад баяртай байгаа.

 
Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийн Иргэдийн хурлын дарга Ч.Ганбат
  1. Амьдрал дээр биеллээ олохын тулд л бүгдээрээ хичээх ёстой шүү дээ. Өнөөдрийг хүртэл малыг өсгөвөл л сайн гэсэн ойлголтоор явж ирлээ. Гэвч мал өсөх тусам цөлжилт хэрээс хэтэрч байна. Түүний оронд мал нэг бүрийн ашиг шимийг нэмэгдүүлж, тоо толгойг цөөлөх шаардлага тулгарч байна.
  2. Журам зөв гэдэг нь маргаангүй. Харин зарим нэг заалтыг нэмж, сайжруулах хэрэгтэй байна. Тэмээнээс татвар авахгүй гэж байгаа. Үүнийг буруу гэж үзэж байна. Гадны сум, аймгаас орж ирсэн тэмээ ч бас өвс идэж ус уудаг. Тэд бэлчээрийг талхална шүү дээ. Туурайн зуд гэж ярьдаг. Энэ манай сумд болж байна. Гадны хариулгагүй мал үүнд маш том нөлөөтэй. Зах зээл дээр борлуулж буй малыг хөлөөр нь туугаад ирдэг. Борлогдтолоо мөн л бэлчээрийг талхалж байгаа нь үнэн.

 
Баянхонгор аймгийн Баянговь сумын Хэлтгий булаг багийн малчин Ч.Пүрэвсүрэн
  1. Хэрэгжинэ гэж найдаж байна. Малын тоо толгой өсөж, өвс ч ургахаа байлаа шүү дээ. Энэ журам батлагдаж, хэрэгжсэнээр бэлчээр буцаад сэргэнэ. Аль ч талаас нь бодоод үзэхэд тэнэг хүн л биш бол журмыг дагахаас аргагүй. Манай сайхан нутаг яаж доройтож байгаагта өөрөө харж байгаа байх.
  2. Журам зөв гэдэг нь маргаангүй.

  1. Манайх Зүүнхараа руу 2006 онд нүүгээд хоёр жил болоод эргэн ирсэн. Хүн гэхээс мал маань тэр нутагт дасаж өгөөгүй. Говийн мал хангайд ер нь дасаж өгдөггүй юм билээ. Бэлчээр ашиглалтын журам амьдрал дээр хэрэгжих байлгүй дээ. Нутаг орныхон санаа нэгдэж, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.
  2. Гаднаас адуу их орж ирж байна. Өөр бусад мал ч бас их орж ирсэн. Сайхан байсан бэлчээрийг дуусгаад л явдаг. Суурин бид нар хоосон газартаа үлдэхээс аргагүй байдалд орж байна. Журам хэрэгжүүлэх нь зөв байлгүй яахав.

 
Баянхонгор аймгийн Баянговь сумын Залаа багийн иргэн, ЗДТГ-ын хууль эрх зүй дотоод хэрэг хариуцсан мэргэжилтэн О.Нямбаяр

Зөв боловч сул журам болж байна

Энэ ажлынхаа хүрээнд “Бэлчээр ашиглалтын үлгэрчилсэн журам”-ын санал асуулгад ажлын хэсгийнхэнтэй таван багаар явж, хурлын тэмдэглэл, протокол  хөтөллөө. Малчдаас гарч байгаа санал болон өөрийн бодлыг хэлэхэд энэ үлгэрчилсэн журам нэг талдаа маш зөв боловч нөгөө талаас маш сулхан журам болж байна гэж харж байгаа. Гаднаас орж ирсэн малаас хоногийн 10 төгрөг гэж байгаа. Мянган малтай айл хоёр сумын засаг дарга болон аймгийн засаг даргын зөвшилцлөөр айлын өвөлжөөний дэргэд долоо хоноход нийт 70 мянган төгрөг төлнө. Мянган мал долоо хоноход тэр хавийн өвөлжөөний өвсийг идэж, газар нутгийг яаж талхлах вэ. Харин төлөгдсөн 70 мянган төгрөгөөр талхлагдсан бэлчээрийг сэргээж чадахгүй шүү дээ. Тийм болохоор миний болон малчдаас гарч байгаа саналаар 10 төгрөгийг бага гэж үзээд байгаа хэрэг. Отор нүүдэл хийдэг, оторлож яваа хүмүүсийн хувьд мөнгө төгрөгний асуудал байлгүй яахав. Энэ 10 төгрөгийг 100 төгрөг, ядаж 50 төгрөг болгох хэрэгтэй гэж үзээд байгаа хэрэг. Үүнээс гадна тавиул малын асуудал байна.

Энд тэндэхийн тавиул малаар бэлчээр талхлах асуудал гардаг. Мал тавиулж байгаа болон хариуцан авч, маллаж байгаа айлаас татвараа давхар авах шаардлагатай гэж үзэж байгаа. Хариулга шаарддаггүй, тэмээ, адуу их орж ирдэг. Жишээлбэл, тэмээ татвараас чөлөөлөгдсөн юм билээ. Тухайн сумандаа чөлөөлөгдсөн байж болох ч гадны суманд явж байгаа тохиолдолд татварыг нь авахгүй бол болохгүй. Манай өвөлжөөний энэ хавьд Өлзийт, Баянлигийн тэмээ, адуу их өвөлжсөн. Тэр хэмжээгээр бэлчээр нутаг талхлагдсан. Манайхны мал хаврыг янзын сайхан давах боломжтой байсан ч дээрх асуудлаас болоод мал зуух өвсгүй л болоод байна шүү дээ. Энэ мэтчилэн нэмэлт өөрчлөлт, оруулах, эргэж харах асуудал бий ч ерөнхийдөө зөв ажил, зөв санаачилга гэдэг нь маргаангүй юм.