Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн сайд аа, Багануурын станцаа л барьчих

М.Дорж, Үндэсний шуудан
2018 оны 6 сарын 11
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ, жилээс жилд өвгөрч буй цахилгаан станцууд хоёрын хөгжлийн харьцаа аюул дагуулах хэмжээнд хүрлээ. Энэ нь ойрын ирээдүйд нүүрлэж мэдэх бодит аюул болоод байгааг эрчим хүчний салбарт ажиллаж буй амтай болгон хэлэх болоод удаж байна. Харин Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн юу бодож суудаг юм бол доо.

Дэлхийн жишгээр цахилгаан станцын насжилтыг 30-40 жил гэж үздэг. Гэтэл манай станцууд хэдийнээ 30-50 жилийн настай болсон байна. ТЭЦ II 1961 онд, ТЭЦ III 1968 онд, ТЭЦ IV 1983 онд, Дарханы станц 1965 онд, Эрдэнэтийнх 1986 онд, Дорнодынх 1969 онд, Даланзадгадынх 1980 онд тус тус ашиглалтад орж байжээ. 2020 он гэхэд эрчим хүчний эх үүсвэрүүдийн насжилт хамгийн залуу нь 35 жил, хөгшин нь 60-аас дээш гарна.

Товчхондоо, бүгд тэтгэвэрт гарна гэсэн үг. Азийн хөгжлийн банкаас хийсэн Монгол Улсын эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөөнд Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээ 2030 онд багадаа  2,309 МВт, дунджаар 3,161 МВт, дээд тал нь 3,734 МВт-ад хүрэх тооцоо гарсан. Гэтэл манай өнөөдрийн эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1,200 МВт дөнгөн данган хүрч байгаа.

Өнгөрсөн өвөл оргил ачаалал 1,080 МВт-ад хүрч аваарын байдалтай ажиллаж, туршлагатай инженерүүдийн чадвараар давж чадсан гэдгийг өнгөрсөн оны тайлангийн хурлын үеэр салбарынхан хэлж байна билээ. Угтаа бол эрчим хүчний эх үүсвэр талаасаа 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой бөгөөд шинэ эх үүсвэрүүд бий болгохгүй бол суурь дэд бүтцийн хамгийн чухал салбар доголдох том эрсдэл үүсээд буй.

Ийнхүү өнөөдрийн хүндрэл, ойрын хугацаанд өсөн нэмэгдэх хэрэглээ, түүнийг дагасан дутагдал бусад мега төслүүдийг ч араасаа дагуулах эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар зүүн бүсийн уурхайнууд эрчим хүчний дутагдалд ороод эхэлсэн. Оюутолгой 2020 гэхэд Төвийн бүсэд эрчим хүчний системд 260 МВт-ын ачаалал үүсгэнэ. Цагаан суваргын ордын эрчим хүчний асуудал ч шийдэгдээгүй, нефть, зэс хайлуулах үйлдвэр тэргүүтэй аж үйлдвэрийн цогцолборууд гарч ирвэл 2030 онд нийт 3,000 МВт-аас давах эрчим хүчний эрэлт үүсч байна.

Сүүлийн таван ч Засгийн газар шинэ цахилгаан станц байгуулж, Төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, ОХУ-аас ам.доллараар авч буй цахилгааны импортыг хаах зорилт тавьсан. Гэвч хамгийн ойрын хугацаанд ажил хэрэг болохоор яригдаж байсан ТЭЦ V болон Тавантолгойн цахилгаан станц тэргүүтэй төслүүд гацаанд орж, олон тэрбум төгрөг зарцуулсан судалгааны ажлууд хий хоосон зардал болов.

Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эрчим хүчний төслүүдээс амьдрал дээр бодитоор хэрэгжиж эхэлсэн ганц нь Багануурын нүүрсний уурхайн амыг түшиглэн том чадлын цахилгаан станц байгуулах төсөл. Хамгийн урагштай нь гэгдэж буй уг төслийн хүрээнд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулан маневрлаж ажиллах боломжтой 350 МВт-ын хоёр турбин суурилуулахаар төлөвлөж суурийг нь цутгачхаад байгаа. Энэ нь эрчим хүчний салбарын хөгжлийг технологийн талаас нь нэг шат ахиулах дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг ойрын таван жилдээ хангах хэмжээний шинэ эх үүсвэр билээ.

Инженерүүдийн зүгээс уг төсөлд 1.2 тэрбум ам.доллар шаардлагатай. Тус станц өртгөө өнөөдөр ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас харьцангуй доогуур үнээр Төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьж, 21 жилийн дотор өртгөө нөхөхөөр тооцоолсон юм байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануурын цахилгаан станцын эрчим хүч борлуулах гарааны үнийг 6.3 цент байхаар баталсан. Тэгвэл 2016 оны байдлаар импортын цахилгааны дундаж тариф 8.2 цент байгаа нь Багануурын станцын нийлүүлэх үнээс хамаагүй өндөр байгааг харуулна.

Барих дөрвөн жил, ашиглах 21 жил дууссаны дараа Монгол Улсын Засгийн газар нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтад ямар нэг баталгаа гаргахгүй гэдгийг хатуу гэрээлчихсэн.

Тодруулбал, концессын гэрээнд “Монгол Улсын Засгийн газраас ямар нэгэн баталгаа шаардахгүй” гэх утга бүхий заалтыг тусгаад өгчхөж. Мөн эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд тусгаснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 1-4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блок тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян хатан нөхцөл ийг зааж өгчээ. Арван жилийн дараа буюу 2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, ашиглалтад ормогцоо эрчим хүчний салбарт нийлүүлэлтийн илүүдэл үүсгэж, цахилгаан шахах талаар маргаан үүсгэхгүй гэсэн үг.

Монгол Улс нүүрсээр баялаг. Тиймээс нүүрсний цахилгаан станц байгуулах нь өртгийн хувьд хямд тусдаг. Ялангуяа нүүрсний уурхайн аман дээрээ станцаа байгуулж чадвал илүү үр ашигтай. Багануурын цахилгаан станц энэ шаардлагыг хангаж буй анхны төсөл бөгөөд ашиглах 21 жилийн хугацаанд хамгийн ихдээ 70 сая тонн нүүрс шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл Багануурын нүүрсний уурхайд 2014 онд АНУ-ын “Norwest”, Монголын “Эрдгео” компанийн хамтарсан консорциум геологи хайгуулын ажлыг хийж, уурхайн нүүрсний нөөцийг 274 сая тонноор өсгөж, 812 сая тонноор баталсан байдаг.

Одоогоор энэ ордын аман дээр сүндэрлэх цахилгаан станцын үндсэн бүтээн байгуулалт болох яндангийн суурь ажлуудыг хийж дуусгажээ. Станц ашиглалтад орсны дараа ашиглагдах оффисын барилга зэрэг гурван барилгын ажил 40 хувьтай баригдаж байна. Үндсэн тоног төхөөрөмжүүд болох турбин генератор, зуухыг захиалан үйлдвэрлэж эхэлсэн. Хөрөнгө оруулагч талаас төсөлд 214 сая ам.доллар зарцуулжээ. Төслийн хэрэгжүүлэгч “Багануур Пауэр” компани Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр 2015 онд концессын гэрээ байгуулсан.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологитой станцуудад 200-300 хүн л ажилладаг болсон шаардлагыг харгалзан Багануурын .станцын ТЭЗҮ-д ашиглалтын үеийн ажилчдын тоог 300 байна гэж яс зааж оруулжээ. Түүнээс гадна Монгол Улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квотын дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ашиглалтад орсноор таван жилийн дотор ажиллагсдын 90 хувь нь монголчууд ажиллана. Ажилчдын тоог ийнхүү нарийн зааж, тооцсон нь төслийн санхүүгийн үр өгөөжтэй холбоотой бөгөөд олон мянган хятад ажиллуулна гэдэг нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй хардлага аж.

Ямартай ч Багануур нүүрсний уурхайн амыг түшиглэн том чадлын цахилгаан станц байгуулахын ач холбогдол хийгээд хоёр тал хэдийнээ үзэглэчихсэн концессын гэрээний талаар салбарын инженерүүдийн өгсөн мэдээлэл ийм байна. Харин хөрөнгө оруулагчид эрсдэлээ үүрээд, манай тал эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох энэхүү гэрээ хэний ашиг сонирхолд нийцэхгүй байгаа юм бол.

Зураг