Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

Супер компьютерын хурдаар АНУ Хятадыг гүйцлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа АНУ дэлхийн хамгийн хурдан компьютер бүтээж, Хятадын урд орлоо.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эрчим хүчний яамны харьяа Oak Ridge National Laboratory өөрийн Summit супер компьютерын хурдыг Хятадын Sunway TaihuLight машины хурднаас бараг хоёр дахин их болсныг зарлажээ.

Summit компьютерын онолын хурд 200 петафлоп буюу 200,000 терафлоп юм. Үүнийг зүйрлүүлбэл 6.3 тэрбум хүн нэг жилийн турш нэг секундын ч завсаргүйгээр тооцоолох ажлыг Summit нэг секундэд хийнэ гэсэн үг. Нэг хүн Summit-ийн нэг секундэд хийх ажлыг ганцаар хийнэ гэвэл 6.3 тэрбум жилийн турш ганц секундын завсарлагагүйгээр ажиллана гэсэн үг юм.

Супер компьютерын хөгжил сүүлийн жилүүдэд хурдтай явагдаж байна.

Аравхан жилийн өмнө хүн төрөлхтөн нэг петафлоп хурдтай машин бүтээж чаддаггүй байв. Тэгвэл өнөөдөр жилийн дотор дээд хурдыг 125 петафлопоос 200 болгож чадлаа.

АНУ-ын өмнөх супер компьютер Summit-аас найм дахин бага хурдтай байв. Oak Ridge багийнхан уг компьютерыг бүтээхэд $200 саяыг зарцуулжээ.

Гэхдээ Америкчууд дэлхийн хамгийн хурдан машиныг эзэмшиж байгаа ч суперкомпьютерын тоогоор Хятад улс тэргүүлсэн хэвээр байна.

Одоо их гүрнүүд анхны 1,000 петафлоп буюу 1 экзафлоп (exaflop) хурдтай супер компьютер бүтээхээр уралдаж байгаа юм. АНУ 2021 онд анхны экзафлоп компьютер бүтээх төлөвлөгөөтэй байна.

Супер компьютерээр шинжлэх ухаан, судалгааны нүсэр тооцоололтой ажлуудыг гүйцэтгэдэг юм.

 

Эх сурвалж: Quartz