Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековтой уулзав

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Чиндао хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18-р хуралд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцсоны дараа Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековтой хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбековт өнгөрсөн оны 10 дугаар сард болсон сонгуульд ялалт байгуулж төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, ШХАБ-ыг даргалах ээлж нь ирж энэ албыг хүлээн авч байгааг нь тохиолдуулан амжилт хүслээ.

Монгол Улсын Элчин сайдын яам тус улсад удахгүй нээгдэх гэж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Монгол, Киргиз хоёр улс адилхан далайд гарцгүй орнууд учраас эдийн засгийн хувьд өргөжин тэлэх боломж хязгаарлагдмал байдаг талаар Монгол Улсын Ерөнхийлөгч мөн дурдаад далайд гарцгүй орнуудын эдийн засгийн хөгжлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөн хүрээтэй биш ч улс төрийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм бол дагаад бүх л салбарын харилцаа өргөжин тэлэх боломжтой гэж үзэж байгаа талаараа ярив. Мөн Монгол Улсаас ардчиллыг хөгжүүлэх, сонгууль зохион байгуулах туршлага судлах сонирхолтой бөгөөд энэ чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь тус улсын хувьд ихээхэн чухал болохыг онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүнүүд бүхий л салбарт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх, аялал жуулчлал, соёлын харилцааг дэмжих зэрэг цөөнгүй асуудлаар санал солилцож ярилцлаа.

 

Эх сурвалж: president.mn