Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Их Долоон гүрний “тулаан” эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Манай гарагийн хамгийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрний удирдагчдын уулзалт өчигдөр Канадын Квебек мужид эхэллээ.

Тэд өчигдөр уламжлал ёсоор “family photo” гэгддэг гэрэл зургаа татуулжээ. 

Зураг дээр зүүн гар талаас Британий ерөнхий сайд Тереза Мэй, Германы канцлерь Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Японы ерөнхий сайд Шинзо Абэ, Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте нар зогссон байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш АНУ болон бусад холбоотнуудын хооронд худалдааны зөрчил тэмцэл ширүүсээд байгаа.

АНУ өөрийн эрх ашгийг хамгаалж, бусдынхаа импортын бараанд өндөр татвар ноогдуулсан бол бусад нь хариу арга хэмжээ авахаар бэлдэж байна.

Жастин Трюдо саяхан хэвлэлд ярихдаа Трампын шийдвэрийг ”шулуухан хэлэхэд доромжлол” гэж хэлсэн юм.

Мөн саяхан Францын ерөнхийлөгч Макрон хэрвээ ерөнхийлөгч нь “амиа бодох”-ыг илүүд үзэж байгаа бол АНУ-ыг Их Долоогоос хасаад үлдсэн зургаан гүрэн цааш явах боломжтой гэж мэдэгдсэн байна.

Харин Канадад ирэхийнхээ өмнөхөн Трамп твиттер хуудсандаа Жастин Трюдог сүүлийн үед “зэвүү хүргэм” байдалтай байгааг бичээд Канадчууд Америкийн сүүн бүтээгдэхүүнд 300 хүртэл хувийн татвар ноогдуулсаар ирсэн гэж шүүмжилжээ.

Тэр бас Их Долоод Оросыг нэмж Их Найм болгох санаагаа хэлж, холбоотнуудаа айлгасан байна. Хэт барууны үзэлтэй Италийн ерөнхий сайд Жюзеппе Конте л түүний энэ санааг дэмжиж байгаагаа твиттер хуудсандаа илэрхийлжээ. Дональд Трамп энэ удаагийн Их Долоогийн уулзалтыг эрт орхиж, Бямба гарагийн өглөө Канадаас явна гэдгийг Цагаан ордон мэдэгджээ. Уг нь Их Долоогийн уулзалт хоёр өдөр үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: Business Insider