Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт хүчний 500 гаруй албан хаагчдад Гэр бүлийн үнэ цэнийн талаар мэдлэг олгов

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран өнөөдөр Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн нийт 500 гаруй ажилтан, алба хаагчдад гэр бүлийн боловсрол олгох “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. 

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” уриатай сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цувралаар Нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

“Гэр бүлийн үнэ цэнэ” сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх ач холбогдлын тухай мэдээ, мэдээллийг өглөө. 

Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж байна. Энэ бүхэнд судалгаа үндэслэлтэй хандаж, төрийн бодлогод тусгах нь зүйтэй юм.

Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим, Хүүхдийн төлөө үндэсний газраас 2013 онд Монгол гэр бүлийн харилцааны үнэ цэнэ, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг судлан тодорхойлох зорилгоор 21 аймаг, сумд, нийслэл, дүүргээс асуумжийн аргаар 1,000 хүнээс түүвэрлэн судалгаа авчээ.

Судалгаанд оролцогчдын 70 хувь нь хэрэлддэг, 75.4 хувь нь маргалддаг, 47.4 хувьд хардалт байгаа, 19.9 хувь зодолддог гэж хариулсан нь гэр бүлүүдийн харилцаа сөрөг үзүүлэлттэй байна хэмээн дүгнэх үндэслэл байна гэж дурджээ. Тиймээс залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа юм” гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.