Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун: Бүтээлч бус халамжлуулдаг ард түмэн байна гэдэг нь уруудаж мөхөхийн илрэл

Өглөөний сонин
2018 оны 6 сарын 8
MorninigNews.mn
Зураг зураг

Өглөөний сонин Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох “Control TV’-ийн “Контрол КОММЕНТАТОР” нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониндоо буулган эрхэм уншигчдадаа хүргэж байна. Эл дугаарт соёлын гавьяат зүтгэлтэн, тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбат МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор, бие даасан эдийн засагч Л.Оюунтай ярилцжээ.

- Сайхан зусаж байна уу? Та сургуульд багшилж байгаа хэвээрээ юу?

- Ерөнхийдөө бол сургуульдаа багшилж байгаа. Энэ сарын 31-нд улсын шалгалт авах гээд сууж байна. Та сайхан зусаж байна уу?

- Сайхан зусаж байна. Таныг ирсэнд баярлалаа.

- Намайг нэвтрүүлэгтээ урьсанд мөн баярлалаа.

- Монголын эдийн засгийн чуулган болж өнгөрлөө. Та энэ арга хэмжээнд оролцсон уу?

-Оролцсон.

-Эдийн засгийн чуулган өнгөрсний дараа бөөн яриа болдог. Төр засгийн зүгээс сайхан үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Гэхдээ бие даасан эдийн засагчдын зүгээс энэ форумыг шүүмжилдэг. Шүүмжилж байгаа гол өнцөг нь Монголын эдийн засгийн форум гэж нэрлэж болохгүй гэж байна яагаад гэвэл жилээс жилд хэдхэн хүн зохион байгуулдаг. Тодорхой хэдэн илтгэгч оролцдог гэдэг талаас нь нэлээн шүүмжилж байгаа. Бас зарлагын тухайд мөн захиалгатай хийгддэг эдийн засгийн форум гэсэн яриа гарч байсан.

-Ер нь дэлхийн эдийн засгийн форум, Улс орны эдийн засгийн форум гэж уулзалддаг. Энэ удаагийн форум дээр өмнөх эдийн засгийн форумаас ямар үр дүн гарсан бэ үүнийгээ дүгнэх ёстой гэж шүүмжилж байсан.

-Гол зүйл нь өмнө хийсэн чуулганаар ямар үр дүнд хүрсэн, юуг олж авсан, оносон гэдгийг хэзээ ч хэлэлцдэггүй?

-Тийм. Хэзээ ч хэлэлцдэггүй гэж шүүмжилж байгаа. Форумд шүүмжлэлтэй хандах зүйл бол байсан. Жишээлбэл, оролцогчдын талаас орох ёстой хүмүүс нь орж чадсангүй, панел хэлэлцүүлгийн оролцогчид их яриад, зааланд байгаа хүмүүсээс ярилцлага авсангүй. Заалаа сонссонгүй гэх мэт шүүмж байсан.

-Чиглэлийн гэдэг нь үүнд байгаад байх шиг байна?

-Тийм. Тэр ч утгаараа энэ болон өмнөх форумыг шүүмжилж байсан. Энэ шүүмжлэлийн мөрөөр дараагийн форумыг зохион байгуулахдаа анхаарах хэрэгтэй. Ямарваа нэгэн зохион байгуулсан зүйлээсээ гаргасан алдаагаа дахиж давтахгүй байх асуудал бол хамгийн чухал. Жилийн дотор хийсэн ажлаа дараагийн форумд илтгээд явах юм бол ийм шүүмжлэл ахиад гарахгүй.

-Ийм хөтөлбөртэй форум чухал гэж ойлгож байгаа.

-Тийм. Яагаад гэхээр ямар асуудал байгаа вэ гэдгээ ярилцаж байгаа нь чухал.

-Би форумд оролцоогүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарын хүний хувьд ажиглаж, анхаарал тавьсан. Надад сонирхолтой санагдсан нь юу вэ гэхээр нэгдүгээрт монгол хүнийг тодорхойлсон байсан. Өнөөгийн монгол хүн ямар байна вэ гэхээр өнөөгийн монгол хүн халамжид байна. Хоёрдугаарт өрсөлдөх чадваргүй байна гэсэн ноцтой тодорхойлолт шиг санагдсан?

-Форум дээр яригдсан. Бид урьд өмнөх цайлган зочломтгой зэрэг шинжээс гадна эдийн засагтай холбоод ярихаар аз жаргалгүй, өрсөлдөх чадваргүй мөн ажлын байртай холбоотойгоор бизнес эрхлээд явах боломж багатай, бизнес. хийх бүр ямар ч боломжгүй хүнд гэсэн ийм тодорхойлолтууд гарч байгаа.

Нийгмийн хөгжил бол хүний хөгжилтэйгөө холбоотой. Нийгэм сайн хөгжиж байна гэвэл энэ тодорхойлогдоод байгаа индексүүд өндөр гарах ёстой. Гэтэл дэлхийн түвшинд хийгдэж байгаа судалгаанаас харахад энэ индексүүд нь манайх дандаа маш бага гарч байгаа нь үнэхээр анхаарал татаж байсан.

-Бас нэг анхаарал татаж зүйл юу вэ гэхээр тоо баримт тодорхой юм хэлдэг. Жишээ нь манай улсын эдийн засгийн орлого зарлагын төсөв нь Дархан-Уул аймгийн жишээгээр ярихад төсвийн 45 хувь нь халамжид зориулагдсан байна. Энэ маш ноцтой асуудал гэж бодож байна?

-Энэ маш ноцтой асуудал. Бүтээлч ард түмэн байхын оронд халамжлуулдаг ард түмэн байна гэдэг нь сөнөж, уруудаж мөхөхийн тод илрэл. Халамжтай байна гэдэг хүн аль болох бэлэнчилдэг. Өөрөө хийж бүтээх саная, сэтгэе гэдэг юм нь байхгүй болдог. Сонирхуулаад хэлэхэд Манж улсын ноёрхлыг Хятад яаж ялсан бэ гэвэл ерөөсөө та баатар та эзэн гээд дээшээ суулгасаар байгаад мөхөөчихсөн гэж ярьдаг. Бид халамжлуулаад байх юм бол цаашдаа манай улсын хөгжлийг бид биш өөр хэн нэгэн авч явахад хүрнэ.

-Хүн амын 51.9 хувь нь халамжинд байдаг гэсэн тоог энэ форумд хэлсэн. Энэ нь халамжинд ороод байгаа маш том үзүүлэлт байна.

-Тийм. Халамжлуулаад байна гэдэг нь хүчгүй л болоод байна гэсэн үг. Төр засгаас хүүхдүүдээ, хөгшчүүлээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжлах ёстой гэсэн бүлгүүд байна. Хөдөлмөрийн чадвартай бусад хүмүүсийг халамжлахгүй. Харин ажил хийснийг нь дэмжиж тэдгээрийг бүтээлч болгоход нь урамшуулж, нөхцөлийг нь бүрэлдүүлж байж хөгждөг.

Жишээ нь, БНСУ яагаад хөгжсөн бэ гэвэл ажил хийсэн хүнийг үр дүнд нь тохируулж шагнадаг. Ажил хийгээгүй хүнд төрийн ямар ч халамж олгодоггүй. Тиймээс тосгоноороо ажил хийлээ гэхэд хүссэн ургацын хэмжээнд нэмж мөнгө өгдөг. Гэтэл манайх ядуу байх нь илүү ашигтай гэж үздэг. Тэгэхээр буруу бодлого явагдаад байна гэсэн үг.

-Та эдийн засгийн форум дээр хэд хэдэн санаа хэлсэн. Түүний нэг нь хариуцлагын тогтолцоотой холбоотой. Мөн эрх барьж байгаа хүмүүсийн шунал хүслийг хязгаарлах байсан. Та үүнийгээ тодруулж хэлэхгүй юу?

-Энэ маш чухал юм. Болохгүй байгаа бүх зүйлийн уул уурхай нь улс төр, эдийн засаг тогтворгүй байгаатай холбоотой. Өнгөрсөн хугацаанд засгийн газрын амьдрах нас нь 1.8 жил болсон. Хэсэг хугацаанд ажиллуулаад л халж огцруулснаар цаг алддаг. Үүнээс болоод эдийн засгийн хөгжил удааширдаг.

Улс төрийг тогтвортой байлгахын тулд улс төрчдийг хариуцлагатай байлгахын тулд олон улсын туршлагыг харсан. Ингэснээр шуналыг дарах гэсэн ойлголт гарч ирж байгаа юм. Гадны оронд улс төрчдийн шуналыг хэрхэн дардаг вэ гэхээр хуулиар л дардаг. Хууль нь өв залгамжлалтай холбоотой хууль байдаг. Герман, Японд өв залгамжлан мөнгө авч, байгаа бол татвараа төлөөд авах байдаг. Зүгээр л бэлгэнд авахгүй. Энэ хуулиар хориод өгчихөөр үр хүүхдэдээ хөрөнгө мөнгө үлдээх гэж шуналтахгүй байх хүслийг нь дарж өгдөг.

Дараа нь хүүхдүүд нь өмч хөрөнгийг нь үнэгүй авахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байдаг. Японд нэг компанийн эзэн нас барлаа гэхэд хэн өвлөж авах вэ гэхээр ажлыг нь хийж чаддаг хүн л авна. Тиймээс үр хүүхдэдээ энэ компаниа шилжүүлэхийн тулд хуулиндаа нийцүүлээд тэр үйл ажиллагааг мэддэг байх дээр анхаарч, боловсролд нь анхаарч, хүрээд ирэхэд нь харуул манаач, цэвэрлэгчээс нь эхэлж ажиллуулаад компанийн үйл ажиллагааг бүгдийг нь мэддэг хүнд тухайн компани шилждэг нь хуулиар нь зохицуулагдсан байдаг.

-Үндэсний хөрөнгөтнүүд гэх асуудал Монголд арай өөр жишгээр явж байна гэж хараад байгаа. Хөрөнгөтнүүдийг яаж ангилдаг вэ. Тийм юм байгаа юу?

-Байна. Дэлхийн судалгаагаар гарчихсан байдаг. Тэрбумтнуудыг яаж тэрбумтан болсонг ялгаж үзэх хэрэгтэй. Үнэхээр хөдөлмөрөөрөө бизнес эрхлээд тэрбумтан болчихсон хүн байдаг. Мөн өв залгамжилж хөрөнгө авсан тэрбумтан, улс төрд орсон тэрбумтан байдаг. Ариун цагаан хөдөлмөрөөрөө бизнес хийсэн тэрбумтанг бид шүтэх ёстой. Улс төрд ороод тэрбумтан болж байгаа нь хээл хахууль авилагтай холбоотой.

-Эдийн засагт зоригтой гэдэг үгийг зарим хүмүүс хэрэглээд байдаг. Саяхан хэвлэлээс “С.Баяр, Ч.Сайханбилэг хоёр шиг ийм зориг гаргах Ерөнхий сайд байхгүй. У.Хүрэлсүх чадахгүй” гэсэн өгүүлбэр уншсан. Би хувьдаа эдийн засаг дээр зоригтой гэдэг үгийг эргэлзээтэйгээр хараад байдаг?

-Тийм. Зоригтой гэж юу гэсэн үг вэ. Зоригтой шийдвэр гаргаж болно. Гэхдээ тэрийгээ үндэслэлтэй, судалгаатай маш олон талаас нь харж байж дараа нь шийдвэр гаргах хэрэгтэй.. Жишээ нь, өөрийнхөө арьсыг хуулаад улсынхаа төлөө зүтгэх зоригтой хүн гэж ярьдаг. Гэхдээ тэр бол өөр. Улс орны хувь заяаг шийдэх шийдвэр гаргахдаа муйхраар зөвхөн зориг гаргаж шийдвэл аюултай. Улс оронд хохирол учруулах шийдвэр гарах эрсдэлтэй.

-Би Оюутолгойн гэрээг тийм хохиролтой гэрээ гэж хараад байгаа?

-Би бас тийм мэдээлэл уншсан. Энэ хоёр шийдвэр гаргаагүй бол Оюутолгойн хөдлөөгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дээр бол зориг хэрэггүй. Тэр геологич, мэргэжлийн эдийн засагчид хүмүүс нь маш нарийн судалгаа хийж байгаад гаргасан шийдвэрийг зоригтой шийдвэр гэхгүй үндэслэлтэй шийдвэр гэж хэлнэ. Энэ дээр зоригтой гэдэг үг зохицохгүй.

Би хувьдаа Оюунтолгойн гэрээг шинэчлэх, өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа. Оюунтолгой төслийн нөөц байгаа, асар их хөрөнгө оруулалт ороод ирчихсэн учир харж зогсооно гэдэг бол худлаа байх. Ширээний ард суугаад судлаач нараа дуудаад олуулаа олон талаас нь ярьж судалж үзэж байгаад гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай.

-Би эдийн засгийн асуудлыг нэлээн хүндэвтэр байгаа гэж хараад байгаа. Эдийн засгийг энгийнээр яаж харж ойлгох вэ?

-Эдийн засгийг харахад нэг талаасаа их амархан. Институцийн онол гэж байдаг. Монгол улс бол нэг айл гэж хүмүүс их ярьдаг. Дэлхий дээр олон айл зэрэгцээд оршиж байна. Манай хөрш айл бол Хятад, Орос гэж зүйрлэж ярихаар хүмүүс ойлгодог шиг эдийн засгийг ойлгоход улсын эдийн засаг бол томруулсан өрхийн эдийн засаг.

Өрхийн эдийн засаг бол жижгирүүлсэн улсын эдийн засаг гэдэг тэр хандлага тэр зарчмаар хандахад амархан ойлгогдоно. Өрх дээр буулгаж, ярих юм бол эдийн засгийг ойлгоход хэцүү биш.

-Монголд дөрвөн хүний нэг нь ажил хийдэг гэсэн тооцоо байгаа юм байна?

-Хэдэн хүн хэдэн хүнийг тэжээж байна гэхээр ерөнхийдөө гарч ирдэг. 1.6 сая хүн гурван сая хүнээ тэжээж байна. Хүн амын пирамид гэж байдаг. Хүн амын пирамид дээр ажиллах чадвартай хүмүүс 20 наснаас эхлээд 60 хүртэл. Тэрнээс цаадах нь халамж шаардсан хүмүүс байдаг. Гэтэл манайд хөдөлмөрийн чадвартай 1.6 сая үнийн тал хувь нь албан ёсоор ажил эрхлээд бусдыгаа тэжээж байна гэж үзэхэд бид нөөцөө дутуу ашиглаж байна гэдэг нь харагдаж байна.

-Ажиллах чадвартай 25-30 насны Солонгос руу залуучууд үй олноороо явж байна. Энэ нь нүүрстэй адил баялаг бүтээгчдээ гадагшаа гаргаж байгаа хэрэг. Энэ эдийн засагт маш их хохиролтой байх?

-Тиймээ маш их хохиролтой. Олон орон албан ёсоор ажиллах хүчээ гаргадаг. Гэхдээ тэр хүмүүс миний олж харснаар хугацаатай, олсон орлогоосоо улсдаа татвар төлдөг. Манайх эргэх холбоотойгоор асуудлыг зохицуулахгүй хувь заяа нь шийдэг гэсэн байдал гаргах нь хохирол ихтэй.

-Би саяхан Л.Түдэв гуай анхны Ерөнхийлөгчтэй өрсөлдөж байх үеийн материал олж харлаа. Л.Түдэв гуай “Өрх бүр үйлдвэрлэгч" гэсэн уриа гаргаж байсан?

-Бичил, жижиг, дунд бизнес гээд ангилдаг. Тэдгээрийн ангилал олон улсад бидэнтэй зүйрлэхийн аргагүй өөр. Бодлого нь их өөр байх ёстой. Том компаниуд жижиг дунд үйлдвэрүүдийг халамжлаад эргээд хамтран хөгжих бодлого явуулбал зөв замаараа явна. Тус тусдаа чаддаг юм аа хийж явж болно. Гэхдээ энэ хөгжлийн концепт биш.

-Өрхийн эдийн засаг, зардлыг дэлгэрүүлж егөхгүй юу?

-Эдийн засгийн эд эс нь өрх байдаг. Түүнийг нь бүрдүүлэгч нь гишүүд байдаг. Хоорондоо хүйн холбоотой байдаг. Тийм учраас иргэн баян бол улс баян, улс баян бол иргэн баян гэдэг хэлц үг байдаг. Бүрдүүлэгч эд эс нь боловсролтой мөнгөө удирддаг орлого зарлагаа төлөвлөдөг, бүртгэдэг гэсэн ийм хүмүүжил, боловсролтой байх юм бол улсын эдийн засаг хөгжинө. 2015 онд улс орнуудын иргэдийн санхүүгийн боловсролын индексийг тодорхойлсон.

Том өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн эдийн засгийн индекс нь бусдаасаа хоёр дахин их байдаг. Тэгэхээр энэ юуг харуулаад байна вэ гэхээр бусад улс орны иргэдийн санхүүгийн боловсрол их өндөр учир улс хөгжөөд байна гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Иргэдийн том алдаа байдаг төсөв яриад л санхүү яриад эхлэхээр улсынх гэж ойлгоод өөртөө хамааралгүй гэж ойлгодог.

-Би Японд явж байсан юм. Тэр үед таван настай хүүхдүүдийн ангид очсон юм. Тэдгээр хүүхдүүд японы өдөр тутмын сонин эргүүлээд хувьцааны үнэ хараад сууж байсан. Тийм юм зааж байгааг хараад гайхаж байсан. Багш гэж ямар чухал юм улсын хүнээ хөгжүүлэх бодлого ямар нарийн юм бэ гэж харж байлаа.

-Сая 2015 оноос эхлээд үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Ард түмэн олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр гэдэг хичээл орохоор болоод бидний хэдэн багш нар баг болж ажиллаад гадны багш нарын туршлагыг харж байхад сургуулийн өмнөх наснаас эхэлж байсан. Ерөнхий боловсролын сургуульд байхад нь мөнгөө яаж удирдах вэ гэдэг хувь хүн рүү нь чиглэсэн хичээл заагаагүй учраас амьдралд бэлтгэгдээгүй гардаг.

Олсон орлогоо зохицуулж сурна гэдэг зүйл нь багаасаа тархинд нь сууж удирдлага болгосон тэр мэдлэгийг суулгаж өгдөг юм байна лээ. 2005 оноос хойш иргэдийн санхүүгийн бодлого чухал юм байна гэдэг тал руу сургалт хийгээд явж байгаа.

-Та аль нэгэн намд хамааралтай байгаа юу?

-Үгүй аль наг намд хамааралгүй.

-Манай эдийн засагчид хуваагдсан байна. Зарим нь гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тэдний нүүр царай болж байна. Нөгөө нэг хэсэг нь төр засагт байна. Гэтэл үлдсэн хэсэг нь бие даасан, судалгааны хамааралгүй хүмүүс байна гэж хараад байгаа. Тийм тал бий юу?

-Байгаа гэж харж байгаа. Эдийн засаг нь нэг мөртлөө хэд хэдэн эдийн засагчид байгаад байгаа . Эдийн засгийн авч байгаа үр дүн нь өөр өөр гардаг. Аль өнцгөөсөө харж яриад байна уу гэдгээс хамаарна. Бодлогын үр дүн буурлаа гэхэд нэг үр дүн хамаарна. Аль өнцгөөсөө ярьж хамаарах вэ гэдэг нь эдийн засагчдыг бүлэг болгож хуваагаад байгаа юм.

-Манай эдийн засагт их хор холбогдол учруулаад байгаа авилгийг цэцэглүүлээд байгаа хаяглаад байгаа нь УИХ-д байна уу гэж хараад байна. УИХ-ын хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна. Оролцохгүй юм байхгүй юм.

-Тийм. Тэд үнэхээр мэдлэг боловсролтой байх ёстой. Аливаа асуудалд зөв сэтгэлийн голдрилоор хандах ёстой. Хариуцлагатай байх ёстой.

-Дотоодын үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах гаднаас орж ирж байгаа барааг хамгаалах гэдэг ч юм уу тийм татварын хууль чухал гээд цементийн татварыг 20 хувь нэмэгдүүлэх нь зөв гэж харж байгаа. Гэхдээ цементийн үйлдвэрийг хэн байгуулсан бэ гэхээр УИХ-ын гишүүд гаргасан. Тэд өөрсдийн барилгыг баригдахад ийм хууль гаргасан. Монголд энэ хэрэгтэй зөв гэхдээ хамгийн гол нь тэд өөрсдийнхөө үйлдвэрийг хамгаалаад байгаа нь шүүмжлэл дагуулаад байгаа. Тэд уг нь бусдыг хамгаалах ёстой.

-Тийм. Яг ийм жишгээр хуультайгаа холбоотой салбарыг хамгаалах ёстой. Хариуцлагын тогтолцоотой байлгах ёстой

-За бидний цаг өндөрлөж байна. Манай комментатор нэвтрүүлэгт хүрэлцэн ирж эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцсонд баярлалаа.

-Намайг урьж, миний бодлыг сонссонд маш их баярлаж байна. Бид хааяа чөлөөтэй ярилцах сонирхолтой байдаг. Энэ боломжийг гаргаж өгсөнд баярлалаа.

-Хоёулаа цаашдаа иргэдийн эдийн засгийн мэдлэгийг сайжруулахад хамтран ажиллах санал тавьж байна.

- За тэгье баярлалаа.

-Таны ажилд амжилт хүсье.

- Та нарт бас амжилт хүсье.

 

Ө.Энхжин /Комментатор нэвтрүүлгийг тэмдэглэсэн/

Зураг