Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Хорин жилийн дараах өөрчлөлтийг эхийн хэвлийд байхаас нь анхаарахгүй бол 20-той залуустай ажиллахад хэцүү болно"

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байгаа талаар “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгээс өнөөдөр мэдээллээ.

Тус төвөөс дэлхийн зөнгийн дэмжлэгтэйгээр 20 сургуульд сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байгаа аж. Тухайн хорин сургуулийн 11-17 насны 8,465 хүүхдэд сэтгэл зүйн байдал буюу зан төлвийн хурцадмал байдал байгаа эсэх тал дээр судалгаа хийхэд таамагласан дүнгээс гурав дахин их гарсан байна.

 
 
Өсвөр үеийн хүүхдүүдэд “Сэтгэл зүйн дархлаажуулалтын” нэг сарын аян явагдана

“Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч С.Баасанбат “Судалгаа хийсэн 20 сургууль дээр сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа ч энэ нь зөвхөн Дэлхийн зөн болон хорин сургуулийн түвшинд  хязгаарлагдаж болохгүй юм. Энэ нь боловсролын болоод хүний хөгжлийн бодлогын түвшинд, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд анхаарч үзэх ёстой асуудал юм.

Манай боловсролын салбарын бодлого дэлхий нийтээс их хоцорч байгааг харж болох юм.

ЕБС-ийн сурагчдын суралцах, харилцах, амьдрах чадваруудыг илүүтэй хөгжүүлэх нь зөв юм. Хэрэв үүнийг орхичихвол бид 20 жилийн дараа хорих ангийн зардал, халамжийн зардал, эрүүл мэндийн салбарын зардал, гэр бүл салалт, хүсээгүй жирэмслэлт, архидалт гэх мэт асуудлыг шийдэж чадахгүй.

Хорин жилийн дараах өөрчлөлтийг урьдчилан эхийн хэвлийд байхаас нь анхаарахгүй бол 20 настай залуустай ажиллахад хэцүү болно" гэв.

Өсвөр насныхан компьютер тоглоомонд донтсон, сэтгэл гурталд орсон байна
Гэрэл зургийг mpa.mn

Судалгаа хийхэд өсвөр насны хүүхдүүдийн ихэнх хувь нь гэр бүлийн асуудалтай, сэтгэл гутралд орсон, компьютер тоглоомонд донтсон, амиа хорлох талаар бодож байсан, сургуулиа солих сонирхолтой, мөн хичээлдээ дургүй гэх мэт сэтгэл зүйн гүн хямралтай холбоотой гэсэн дүгнэлтийг хэлж болох юм" гэж тус төвийн сэтгэл зүйч  С.Хишигтогтох хэлж байлаа.

“Монгол Өрх” Сэтгэл зүйн Хүрээлэнгээс нэг сарын турш “Сэтгэл зүйн дархлаажуулалтын аян”-ыг санаачилж байгаа юм. Сэтгэл зүйн дархлаажуулалтын аяны хүрээнд Пүрэв гараг бүрт 09:00-18:00 цагийн хооронд өсвөр үеийнхэнд зориулж хүүхэд бүрт сэтгэлзүйн оношилгоо, онцлогт тохирсон тестийг хийхээр төлөвлөжээ.

Мөн аяны хүрээнд хүүхдийн асрах хоёр газрын өсвөр үеийнхэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллах юм байна.