“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт болж байна.
Нээлтэд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцлоо.
Ерөнхийлөгч чуулганыг нээж үг хэлэхдээ "Эдийн засгийн коридорын хүрээний төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлохоор гурван улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ярилцаж ажиллаж байна.
Хөршүүд маань 2020 он гэхэд Орос-Хятадын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт бүрнээ нийцэх юм. Тийм учраас яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа болно.
“Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг бодитойгоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий төрийн тэргүүн нарын уулзалтыг үргэлжлүүлэх нь чухал юм.
Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 4 дэх уулзалт болох гэж байна.
Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах тул тэр болтол Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ОХУ-ын муж, субъектуудад тогтмол зохион байгуулах, цахим худалдаа хийх нөхцөл, техникийн зохицуулалтыг нийцүүлж хялбаршуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэрэг ажлыг одооноос идэвхжүүлэн, эрчтэй урагшлуулах хэрэгтэй байна.
Монгол оронд Та бүхэн тавтай морил" гэв.
Гэрэл зургийг mpa.mn