Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософт дата төвүүдээ далайд “живүүлэх” шийдэл олжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхий ертөнцдөө гай бололгүйгээр бизнес хийх арга хайж буй Майкрософт компани саяхан нэг дата төвөө далайд “живүүлжээ”.

Project Natick нэртэй уг төсөл ёсоор тус компанийн дата төв Их Британий Оркни арлын ойролцоо Хойд тэнгисийн усанд 30 метрийн гүнд байрлах юм.

Мөн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Дата төв нь түүнийг хэрэглэдэг зах зээлдээ хамгийн ойр байх ёстой. Майкрософтын тооцоолсноор дэлхийн хүн амын тал орчим хувь нь далайн эргээс 150 км дотор амьдарч байгаа гэнэ. Бас далайн усны тодорхой гүнд температур байнгын хүйтэн байдаг нь дата төвүүдэд хөргөлт ашиглахгүй байх боломж олгодог байна. Хөргөлт нь дата төвийн зардлын нэг том хэсэг болдог.

Project Natick нь 864 серверийг багцалж, багтаасан 12 метр өргөнтэй чингэлэгийг эргээс 22 км зайтай усан дор байрлуулж байгаа. Энэ нь Майкрософтын аварга дата төвүүдтэй харьцуулахад өчүүхэн хэмжээ боловч туршилтын зорилгод хангалттай хүрэх юм.

Төлөвлөгөө ёсоор уг системийг усан дор 12 сарын хугацаанд ажиллуулах гэнэ. Хэрвээ энэ хугацаанд туршилт амжилттай болвол Майкрософт хэрэглэгчиддээ усан доор байрлуулсан дата төвийг санал болгож эхлэх юм.

Шотландын Оркни арал нь эрчим хүчээ 100 хувь нар, салхи, далайн давалгаанас гаргаж авдаг. Тиймээс дата төвд усан доогуур кабелиар өгөх эрчим хүч нь бүрэн сэргээгдэх эрчим хүч болж байна.

Цаашдаа өөр өөр газар нутагт хэрэгжүүлэхэд тухайн газар орны эрчим хүчний эх үүсвэрийг ашиглана. Сэргээгдэх бус эрчим хүч ашигласан ч хөргөлт шаардахгүй тул ердийн дата төвүүдээс хамаагүй бага хэрэглээтэй байна гэж үзжээ.

Эх сурвалж: Quartz