Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусь улстай хамтарч агропарк, машин техникийн сэлбэгийн үйлдвэрийг Монголд байгуулна

ikon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Беларусь Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр тус улсын Ерөнхий сайд А.Кобяков, Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченко нарт бараалхав.

Ерөнхий сайд А.Кобяковтой хийсэн уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн найрсаг харилцааг бүхий л талаар хөгжүүлэх, түүн дотроо эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцолж, хоёр орны ЗГХК-ын хуралдаанаар тохирсон зүйлсийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад:

  • Хөдөө аж ахуйн агропарк,
  • Сүүний үйлдвэрлэлийн кластер,
  • Беларусийн машин техникийн сэлбэгийн үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүдийг байгуулах,
  • Хөдөө аж ахуй, уул уурхай, зам тээвэр, барилга, зэрэг олон салбарт мэргэжилтнүүдийг бэлтгэх зэргээр хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар боллоо.
 

Үндэсний хурлын Төлөөлөгчдийн танхимын дарга В.Андрейченкотой хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө УИХ дахь Монгол, Беларусийн найрамдлын бүлэг төлөөлөгчид харилцан солилцох, олон улсын арга хэмжээнд хамтран оролцох зэргээр Беларусь Улсын Үндэсний хурлын гишүүдтэй ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн ЕАБХАБ, Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт хамтын ажиллагааны механизмуудад тогтсон парламент хоорондын үйл ажиллагааны зэрэгцээ хоёр орны бизнес, соёл урлагын салбарын солилцоог өргөжүүлэх, Беларусьт оюутан, сурагч, мэргэжилтэн бэлтгэж ирсэн уламжлалыг сэргээхэд хоёр орны парламентын зүгээс дэмжин ажиллахаар боллоо.

 

Эх сурвалж: ГХЯ