Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхтайван: Манайх шиг жижиг эдийн засагтай орон бүх зүйлээ зөнгөөр нь хаяна гэдэг бүтэхгүй зүйл

Д.Мягмардорж
2018 оны 6 сарын 6
Үндэсний шуудан
Зураг зураг

Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх шинжлэх ухааны зөвлөлийн дарга Л.Энхтайвантай ярилцлаа.

-Монгол Улс эдийн засгийн хөгжлийн загвараа хэрхэн тодорхойлсон байдаг юм бол?

-Монгол Улс эдийн засгийн хөгжлийн загвараа 1996 оны Үндэсний хөгжлийн үзэл баримтлал бодлогын баримт бичгээр тодорхойлсон. Америк, Европ, Ази тивийн улсуудыг судалж үзсэний үндсэн дээр манай нөхцөл, зорилгод таарсан буурай улсаас бар болж хөгжсөн орнуудын загварыг баримталсан. Тайван, Солонгос, Хонконг, Сингапур улсууд үсрэнгүй хөгжилд хоёр л үндсэн шинж нөлөөлсөн байдаг. Нэгдүгээрт, алсыг харсан төлөвлөгөөтэй. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил нэгдсэн хүчээ чиглүүлж чадсан. Хоёрдугаарт, бар улсууд гадагшаа экспортын чиг баримжаатай буюу валютын урсгалын дотогш чиглүүлсэн загварыг баримтлан хэрэгжүүлж амжилтад хүрсэн байдаг.

Өөрсдөө бүгдийг үйлдвэрлэх биш өндөр хөгжилтэй орнуудтай өрсөлдөх үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх том зорилгын төлөө улсаараа нэгдэж чадсан гэсэн үг. Европт 1990 оны эхэнд Японы “Toyota”, Солонгосын “Samsung” брэндүүдийг мэддэггүй, тэр болгон таашаадаггүй байсан. Гэтэл өнөөдөр төр хувийн хэвшлийн хамтралын хүрээнд дэлхий дээр ноёрхож байна.

Загасчны тосгоноос бий болсон эдгээр улсын хөгжлийн засварыг манайхны хольж ойлгоод байгаа олон зуун жил тогтчихсон Европын орнуудынтай харьцуулах аргагүй. Гадагшаа чиглэсэн загвар 1996 оны үзэл баримтлалаас гадна, 2008 оны цогц бодлого, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тусгагдсан.

-Бид гадагшаа чиглэсэн хөгжлийн загварыг сонгосон байдаг юм байж. Одоогоор уул уурхайн түүхий эдийн экспортод манай улсын эдийн засаг суурилж байна. Тэгвэл манай олон улсад өрсөлдөх бүтээгдэхүүн юу вэ? 

-Бэлчээрийн мал аж ахуйгаас гарсан чанартай бүтээгдэхүүнийг дэлхийд гаргаж ирэх хэрэгтэй. Жишээ нь, мах өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн. Ноос ноолуурын бүтээгдэхүүн бас бий. Өнөөдөр  66 сая толгой малтай гэдэг бол нөөц хүрэлцээтэй байна гэсэн үг. Хөдөө аж ахуй салбарын хөгжлийг зөвхөн дотооддоо яримааргүй байна. Дэлхийн стандарт шаардлагад нийцүүлж, том зах зээлд гаргах нь чухал. Архи, ундааны чиглэлийн экспорт олон улсад гарчихсан.

Монгол Улсын усны чанар сайн учраас шингэн хүнсний салбарт орчин үеийн технологи нэвтрүүлбэл Сибирийн зах зээл бэлэн байна. Манайд хамгийн их нөөц бололцоотой байгаа аялал жуулчлалын салбар. Гэрээсээ юм гаргахгүй экспорт хийх боломж бол, энэ. Төр нэгдсэн бодлогоо тууштай хэрэгжүүлж чадвал түүхийн, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тохиромжтой гэж хардаг. Манай аялал жуулчлалын салбар жилдээ нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа. Гэхдээ жуулчдын тоонд биш үлдээх мөнгөний хэмжээнд анхаармаар байна. Монгол Улс хүн ам багатай, байгаль эмзэг учраас олон сая жуулчны хөлийг дийлэхгүй.

Одоогийн таван жуулчны өгч байгаа мөнгийг ганц жуулчнаас авдаг чанартай салбарыг хөгжүүлэх хэтийн чиг хандлагаа харах ёстой. Мөн орчин үеийн ухаалаг систем суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс асар их мөнгө олох боломж байна. Аппликейшн, видео тоглоом гэх мэтийн зүйлийг хийх чадвартай залуус олон болсон. Үүнийг хөгжүүлэхэд олон тэрбумын том онгоцны буудал, таван одтой зочид буудал барих шаардлагагүй. Өндөр хурдны интернетэд суурилсан чадалтай компьютер байхад л хангалттай. Америкийн “Amazon”, Хятадын “Ali-ba-bа”-г үүнд суурилан бүтээж чадсан.

-1996, 2008 онуудад батлагдсан баримт бичгүүдийн үр дүн гарсан уу. Монгол Улс хөгжлийн загвараа * тодорхойлоод 20 гаруй жил өнгөрсөн байна. 20 жилийн дараа хүрнэ гэсэн төвшиндөө хүрч чадсан байна уу?

-Тухайн үед дагаж мөрдөнө, хэрэгжүүлж чадна гэдэг ойлголтоор баталсан. Гэвч төр засаг нь тогтворгүй, хоёр жил тутамд солигдохдоо хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчдаа өөрчилж ирлээ. Одоогийн төрийн албан хаагчид дунд 1996, 2008 оны баримт бичиг байтугай хоёр жилийн өмнөх 2016 оны асуудлаа мэдэх хүн цөөн болсон. Халаа, сэлгээ тогтворгүй байдал үр дүн гарахад муугаар нөлөөлж байна. Төрийн алба чадавхтай, тогтвортой байж урт хугацааны үзэл баримтлалаа хэрэгжүүлдэг.

Саяхан төр, хувийн хэвшлийнхний дунд явуулсан судалгаанд “Монгол Улс хөгжихөд юу шаардлагатай байна вэ” гэдэг асуулт шигтгэсэн юм. Тэгэхэд арав гаруй салбарынхан “Тогтвортой бүтэц, тогтвортой эрх зүй шаардлагатай байна" гэж хариулсан. Тиймээс тогтворгүй байдлаас болж хэтийн зорилтууд хэрэгжихгүй байна. Ерөнхийдөө бид 30 жилийн дараагийн асуудлыг нэгд нэгэнгүй харж чадахгүй учраас нэг улаан шугам барих хэрэгтэй байгаа юм.

Тэр улаан шугамыг барьж хөрөнгө оруулалт хийсэн компани шатдаггүй байх ёстой. Жишээлбэл, Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн зээл өгч цементийн том үйлдвэрүүд байгуулсан. Гэтэл аж үйлдвэрийн парк байхгүй, төмөр зам, хурдны замын төсөл нь гацчихсан. Энэ мэтээр Засгийн газар зарласан бодлогоосоо буцаж болохгүй. Урт хугацааны бодлого нь хэрэгжихгүй бол Монголд хэн хөрөнгө оруулалт хийх юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их гомдоллодог зүйл энэ шүү дээ?

-Монголын биш гадаад компани цементийн үйлдвэр барилаа гэж бодъё. Цементийн үйлдвэрийг 40-өөс дээш жил ажиллуулна гэж тооцон хөрөнгө оруулж байгууллаа. Барьсан хойно нь цемент худалдаж авна гэж ам гарсан улсууд хэлсэн үгнээсээ буцвал яах вэ.

-Монгол Улс хөгжлийн бодлогоо 22 жилийн өмнө тодорхойлчхож, хүлээсэн үр дүндээ хүрээгүй юм байна. Гэтэл энэ хугацаанд дэлхийн хөгжлийн чиг хандлага үндсээрээ өөрчлөгдчихлөө. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг тоотой холбон тайлбарладаг байсан бол өнөөдөр хүртээмжтэй эдийн засгийн өсөлт гэдэг зүйлийг ярих болов. Тэгэхээр манайх бодлогоо шинэчлэх шаардлагатай тулгарч байна уу?

-Монгол орны нөхцөл байдал, боломж тийм ч амархан өөрчлөгдчихгүй. 100 жилийн өмнө Хятад, Орос гэсэн хоёр хөрштэй байсан, өнөөдөр ч хэвээрээ байна. 100 жилийн өмнө мал аж ахуй эрхэлж байсан бол өнөөдөр мөн л адил байна. Бодлогоо шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж чадвал хэрэгжих боломжтой. Нөгөө талаар дөрвөн жил тутамд Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гаргадаг. УИХ-аас жил бүр Үндсэн чиглэлээ батлахдаа урт хугацааны бодлогоо тодотгоод явах ёстой.

-Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 6.1 хувиар өслөө гэж байна. Нөгөө талд нь ядуурал буураагүй. Тэгэхээр “Буруу замаар будаа тэгээд байна” гэсэн үг биш үү?

-Монгол Улс эдийн засгийн яг ямар тогтолцоотой гэдгээ тодорхойлж гаргаж чадаагүй. Үндсэн хуульдаа ч бүрхэг тусгасан. Америк маягийн чөлөөт зах зээлийн тогтолцоо юм уу, Европын орнуудын нийгмийн асуудлаа нэгдүгээрт тавьдаг тогтолцоо юу, эсвэл төрийн зохицуулалт зонхилдог Азийн тогтолцоо буюу социалист зах зээл үү.

Социалист зах зээлийн тогтолцоо бол бүх хүнд хүртээмжтэй байхад чиглэдэг. Эдийн засгийн өсөлт өрх бүрийн хаалгаар ирэх ёстой гэдэг ухагдахуун. Сүүлийн үед хүртээмжтэй өсөлт гэж яригдах боллоо. Хүртээмжтэй өсөлтийн зохицуулалт татвар, ажлын байрны цогц бодлогоор илэрдэг.

-Сүүлийн үед эдийн засгийн хөгжлийн асуудлаар зарчмын зөрүүтэй зүйлийг судлаачид хэлдэг боллоо. Зарим хүн Монгол Улсад Ази маягийн социализм зохино гэдэг. Нөгөө хэсэг нь либералчлал гэж уухайлдаг. Энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн хүний тань хувьд асуухад аль нь Монголд зохино гэж үздэг вэ?

-Манайх шиг жижиг эдийн засаг, өнөөдрийн хөгжлийн төвшинд либерал маягаар бүх зүйлийг зөнгөөр нь хаяна гэдэг бол хэзээ ч бүтэхгүй. Төрийн хүчтэй зохицуулалттай, нэгдсэн төлөвлөгөөтэй Азийн орнуудын зах зээлийн тогтолцоо амжилттай явж буйг харж болно. Өнгөрсөн 30-аад жил замбараагүй явсан алдаагаа харахад, нэг хүнд ногдох хөгжлийн төвшин 30 жилийн хугацаанд ердөө хоёр дахин нэмэгдсэн байна.

Жинхэнэ бодит байдал дээрээ хөгжил удаан байгаа. Залуусын хэлж байгаа зүйлс нэг талдаа үнэн. Төр буруу хэлбэрээр, буруу зүйлд оролцоод байвал дэмжлэг болохоосоо саад болох нь их. Гэхдээ төр улс орны хөгжлийг үүрч явдаг тэргүүлэх чиглэлдээ онцгой анхаарах ёстой. 

-Монгол Улсын хөгжлийн зам нь уул уурхайн салбар. Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгой тэргүүтэй том төслүүд суурь болно гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр уул уурхайн салбарт ямар тууштай бодлого баримтлах ёстой вэ?

-Уул уурхай бол Монголын хөгжлийн эцсийн зогсоол биш. Хөгжлийг дэмжих анхны хуримтлал санхүүжилтийг бий болгох зайлшгүй хэрэгцээтэй байгаа юм. Гэхдээ үүнийг хийхдээ өнгөрсөн зууны технологи бус дэвшилтэд технологи шингээж, байгаль орчноо сүйдэлдэггүй, монголчуудад хүртээмжтэйгээр явуулах ёстой. Бидэнд туршлага бага байгаа нь үнэн гээд гаднынхныг тахин шүтэж болохгүй. Тэд мөнгө олох гэж л ирж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Зураг