Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Мастер төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл 2025 он гэхэд агаарын бохирдол 75 хувиар буурна"

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө нь 2017-2019,  2020-2025 он гэсэн дунд хугацааны төслийг санал болгож байгаа юм. Энэ  хугацаанд 9.2 их наяд төгрөг зарцуулах шаардлагатай байгаа аж.

Эрдэмтдийн хэлснээр “Мастер төлөвлөгөө”-г бүрэн хэрэгжүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдол:

  • 2018-2020 онд 30-35 хувь,
  • 2025 он гэхэд 70-75 хувиар буурах боломжтой ба агаарын бохирдлыг бууруулахад ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2020 гэхэд 17 хувь, 2025 он гэхэд 35 хувиар өсөх тооцоо гарсныг өнөөдөр болсон “Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах Мастер төлөвлөгөө”-ний төслийн санал солилцох зөвлөлдөх уулзалтын үеэр танилцууллаа. 
Зээл тусламжаар нийтдээ 207 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан байна 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Байгаль, ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяа хэлэхдээ “Сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд хйисэн. Зээл тусламжаар нийтдээ 207 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулсан байна.

Өмнө нь агаарын бохирдлын эх үүсгэврийг бууруулах чиглэлээр сайжруулсан түлш, шингэн түлш гэх мэт өртөг, хөрөнгө оруулалт их шаардсан богино хугацаанд үр өгөөжөө бүрэн өгөх боломжгүй чиглэл рүү ханддаг байсан.

Харин “Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө” төслийн эрдэмтэд  уур амьсгал болон цаг уурын нөхцөл байдлыг зөв тооцоод богино болон хэтийн хугацааны төлөвлөлтийг гаргах нь харьцангуй богино хугацаанд зардал багатай агаарын бохирдлын хугацааг шийдвэрлэнэ гэсэн санааг санал болгож байгаа”-г дурьдаж байлаа. 

15-20 мянган хүн амын дэд төв дөрвийг, 200-300 айл нэгдсэн бичил дэд төв 100 байгуулахаар төлөвлөж байна
Гэрэл зургийг mpa.mn

“Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөө” судалгааны багийн гишүүн МУИС,ШУС-ын багш, доктор С.Эрдэнэсүхээс зарим зүйлийг тодруулсан юм. 

Тэрбээр "Бид агаарын бохирдлыг бууруулах суурь судалгааг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хийсэн. Хүний хүчин зүйлгүйгээр байгалийн хүчин зүйлээр хэрхэн бохирдоод байгааг судалсан. Тэр хүчин зүйлийг тооцоод цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгаж ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. 

Жишээлбэл, Хамгийн түрүүнд бохирдуулагч хаана байгаа вэ? Салхины урсгал аль чигээс байгааг анхаарах нь чухал. Улаанбаатар хотын салхи баруун хойноосоо төв рүүгээ чиглэсэн байдаг. Тиймээс төслийн хүрээнд дулаан, цахилгааны асуудлыг бүрэн шийдсэн 15-20 мянган хүн амын дэд төв дөрвийг, 200-300 айл нэгдсэн бичил дэд төв 100 байгуулахаар төлөвлөж байна. 

Дараагийн нэг зүйл нь, Цахилгааны хөнгөлөлт агаарын бохирдол дээд цэгтээ хүрэх үеүүдэд байдаггүй. Тиймээс бохирдлын хоногийн явцыг харгалзаж үзээд тарифын хөнгөлөлтийг эдлүүлэх хэрэгцээтэй байна. 

Мастер төлөвлөгөөний хувьд жилд агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах тооцоо байна.  2020 он гэхэд 30-35 хувь буууруулах боломж бидэнд бий. Бид энэ төлөвлөгөөнд хэрэгжих боломжтой зүйлийг л оруулж өглөө. Ер нь түүхий нүүрснээс татгалзах нь их чухал байна. Хэдийн хязгаарлахаар тогтоосон. Бодитоор яндангийн тоо бууруулах чиглэлээр олон судлагаатай  ажлуудыг хэлэлцэж байна" гэсэн юм.