Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хенк Хулсоф: Хүүхдүүд яагаад хүчирхийлэлд өртөж байгаагийн шалтгааныг олно

Б.Намуунцэцэг, iKon.mn
2018 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Европын холбооноос Монгол Улсад хүний эрхийн талаарх дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн шалтгаант нөхцөл, хамгаалал асуудал” сэдэвт бага хурлыг зургаадугаар сарын 6-ны өдөр Гадаад Харилцааны Яамны хурлын танхимд зохион байгуулах гэж байна.  

Монгол Улсад Европын холбооноос суугаа Элчин сайд Траян Христия “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн шалтгаант нөхцөл, хамгаалал асуудал” сэдэвт бага хуралд Европын холбооны гишүүн орнуудын олон улсын эксперт, доктор Мария Рот, Катерина Ларкинс нар оролцож, хүүхдийн эсрэг хүчирхийллийн нийгмийн үндэс, учир шалтгааны холбоос, нийгэм-экологийн асуудал, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоог ашиглах, хүүхэд хамгааллын үр дүнтэй үндэсний тогтолцоо бүрдүүлэхэд зөвлөмж өгч оролцоно” гэлээ.

Хүний эрхийн комисс, Гүүд нэйборс олон улсын байгууллагатай хамтран  2016 онд хийсэн “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгаанд оролцсон нийт хүүхдийн 82.6 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсныг Европын холбоо-Монгол Улсын Хүний эрхийн хамтын ажиллагаа төслийн хүний эрхийн зөвлөх Хенк Хулсоф дурьдаад “Бид хүүхдийг ямар нэг хүчирхийлэлд өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ удаагийн хурлаар эдгээр хүүхдүүд яагаад хүчирхийлэлд өртөж байгаа вэ? гэсэн асуултад  хариулт олох боломжтой юм” гэв.

"Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: Нийгмийн шалтгаант нөхцөл, хамгаалал асуудал” сэдэвт бага хурлын үеэр дараах гурван хэлэлцүүлэг өрнөх юм.

  1. Хүүхэд, өсвөр үеийн хүчирхийллийн бүх хэлбэрийн нийгмийн хөрс, үндэс, шалтгааныг тодорхойлох
  2. Хүүхэд өсвөр үеийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцооны өнөөгийн байдлыг шинжлэх (төр, эцэг эх, боловсрол, эрүүл мэндийн хууль, хэвлэл мэдээллийн байгууллага болон бусад үүрэг хүлээгчдийн хүлээх хариуцлага, боловсрол, сэтгэлгээний асуудал)
  3. Хүүхэд өсвөр насныхныг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах тогтолцоог сайжруулах, цаашдын алхмыг тодорхойлох гэсэн үндсэн гурван хэсэгт өрнөх юм.