Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ФИБА 3x3 “Улаанбаатар” дэлхийн Гранпри зохион байгуулагдана

А.Намуун, iKon.mn
2018 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ФИБА 3x3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ.

"Олимпын эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг"

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав "Улаанбаатар Гранпри тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн тэмцээн нь нийт 19 хотод болох цуврал тэмцээний нэг юм. Олон Улсын сагсан бөмбөгийн холбооноос тоглолтын хуваариуд гарсан байна. 

Улаанбаатар дэлхийн Гранпри нь Токио 2020 Олимпын наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрлийн баг тамирчдад Олимпын эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Тиймээс манай улсын багуудын эрэмбэ өсөх боломжтой.

Тэмцээнд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 10 шигшээ баг оролцоно. 

Эхний хоёр байрт шалгарсан багууд аравдугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрх авах юм.

Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай “Улаанбаатар" Гранпри тэмцээнийг М-Си-Эс Группийн М-Си-Эс Кока-Кола, Юнител ХХК-иуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэж байна. Ивээн тэтгэгч байгууллагууддаа талархлаа илэрхийлье" гэв.

"Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил түвшнийх"
 

3х3 шигшээ багийн ахлагч Д.Дэлгэрням "Энэ удаагийн тэмцээн нь дэлхийн аваргаас 7 хоногийн өмнө болж буйгаараа онцлогтой байна. Бусад улсаас ирж буй багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байна. Тиймээс их үзүүштэй, өрсөлдөөнтэй тэмцээн болох байх гэж бодож байна. 

Энэхүү Гранпри тэмцээн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй ижил түвшнийх. Нэг ёсондоо энэ нь бага дэлхийн аварга гэсэн үг юм. Манай багуудын бэлтгэл сайн хангагдсан байгаа учраас амжилт гаргана гэж итгэж байна.

Мөн 3х3 сагсан бөмбөгийн төрөл нь Монголын нөхцөлд маш тохиромжтой гэж боддог. Энэ төрлөөр сайн тоглодог тамирчид 5х5 руу ороход түлхэц болно. Тийм учраас Монгол залуучуудыг 3х3 төрлөөр хичээллээсэй гэж уриалмаар байна" гэлээ.

"Амжилттай оролцож чадна"
 

3х3 шигшээ багийн тамирчин Б.Цэнгүүнбаяр "Тэмцээн хоёр дахь жилдээ болох гэж байна. 3х3-н холбоо маш сайн ажиллаж, бэлтгэлээ базааж чадсанд баяртай байна. 

Манай баг Улаанбаатар Гранпри тэмцээнээс өмнө 6 тэмцээнд орсон. Тиймээс энэ удаа амжилттай оролцоно гэж бодож байна. Түүнчлэн манай баг анх удаа дэлхийн аваргад оролцох эрхээ авсан байгаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

"Монголд ирж тэмцээнд оролцох болсондоо их баяртай байна"
 

Оросын шигшээ багийн тамирчин Виктор Павленко "Миний хувьд анх удаа Монгол Улсад ирж байна. Монголчууд их сайхан нээлттэй, нөхөрсөг хүмүүс шиг санагдлаа. 

Манай "Москва" багийн хувьд 12 хүний бүрэлдэхүүнтэй. Дөрвөөрөө хуваагдаж тоглож байгаа. Эхний баг маань Латвид болсон тэмцээнд хоёрдугаар байрт орсон бол Москвад болсон Гранпри тэмцээнд нэгдүгээр байрт орсон байгаа.

Энэ удаад Монголд ирж тэмцээнд оролцох болсондоо их баяртай байна. Бид дахин амжилт гаргаж чадна гэж найдаж байна" гэлээ.

  • Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, залуучуудын дунд багийн спортыг хөгжүүлэхэд байнга анхаарч ажиллаж иржээ. Энэ жил тус Групп үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа юм.Ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж ивээн тэтгэж байгаагийн нэг нь Олимпын эрхийн оноо олгох энэхүү “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн юм.
  • 2005 оноос хойш сагсан бөмбөгийн 3x3 төрлийг дэмжин, нарийн шат дарааллын дагуу хөгжүүлж ирсний үр дүнд Монгол Улсад сагсан бөмбөгийн энэ төрөл эрчимтэй хөгжиж, тамирчдын ур чадвар эрс дээшилж, олон улсын түвшинд үзүүлж буй амжилтын буухиа тасрахгүй үргэлжилж байна.