Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Брайан Орсер: Медведева одоо салаа замын уулзвар дээр байна

О.Энхээ, Зууны мэдээ
2018 оны 5 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

Дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведевагийн шинэ дасгалжуулагч Брайан Орсер РИА Новости агентлагийн тусгай сурвалжлагч Елена Вайцеховскаятай ярилцахдаа Оросын уран гулгагчийг огт эргэлзэж тээнэгэлзээгуйгээр өөрийнхөө булэгт авсан, Медведеваг Ким Юнатай харьцуулсан, Женятай хамт Канад руу ээж нь ирэх болсонд маш баяртай байгаагаа өгүүлжээ.

ОРОСООС ТАТЬЯНА ТАРАСОВА ЭХЭЛЖ ЗАЛГАСАН

-Оросоос залгасан дуудлага эхнийх биш болов уу гэж бодож байна?

-Хоёр дахь нь. Дөнгөж сая би Татьяна Тарасоватай маш товчхон ярилаа. Т эр надад шууд хэлээгүй ч дотроо Медведевагийн шийдвэрийг дэмжиж байгаа юм болов уу гэдэг мэдрэмж надад төрсөн шүү. Тийм байгаасай л гэж үнэн голоосоо найдъя. Зарим үед Тарасовагаас зөвлөгөө авах боломжтой байх юмсан гэж би хувьдаа хүсэж байна. Тэр бол ер бусын мэргэжилтэн.

-Бүлэгтээ авна уу гэсэн Медведевагийн хүсэлтийг хүлээж аваад их цочирдсон тухай таны хэлсэн үгийг би уншсан. “За” гэж зөвшөөрөхөд хэр хугацаа шаардагдсан бол?

-Дөрөвдүгээр сарын эхээр Солонгост шоунд оролцож байх үеэрээ уулзах боломж гаргана уу гэсэн хүсэлтийг Женягаас хүлээж аваад боломж гаргаж болно, тэгэхдээ жаахан хүлээ гэж хариулсан юм. Би нэг багт ажилладаг болохоор эхлээд Трейси Уилсонтой, дараа нь бүжиг дэглээч Дэвид Уилсон болон бусадтай нь уулзаж зөвлөлдсөн.

Өөрөөр хэлбэл, нөхцөл байдлыг том зургаар нь харах тухайлбал, хэн цаашид үргэлжлүүлэхээр гулгаж байгаа, хэн зодог тайлах дөхөж байгаа, мэргэжилтэн бүрийн ачаалал ямар байгаа, шаардлагатай цаг завыг би өөрт нь зарцуулж чадах болов уу гэх мэтээр. Зорилт бодитой юм байна гэдгийг бид бүгдээрээ ойлгосны эцэст шийдвэр гаргасан.

-Та клубийнхээ ажлын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй ярьж болох уу. Жишээлбэл, элит төвшний уран гулгагч тамирчинд мөсөн дээр хэдэн цаг ногдох, дасгал сургуулилт хэр удаан үргэлжилдэг гэх мэт?

-Зарим талаар манай клуб маш өвөрмөц. Тухайлбал, уран гулгагч нэг бүр зөвхөн өөрт нь зориулж боловсруулсан дасгал сургуулилтын хувийн хөтөлбөрөөр хичээллэнэ.Ойролцоогоор гурван цагийг зөвхөн “мөсөн” дээр, үлдсэнийг бусад ажилд зарцуулдаг. Медведеватай яаж хичээллэх вэ, юунд илүү анхаарах вэ гэдгийг ойлгож мэдрэхийн тулд бидэнд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байлгүй яах вэ.

Магадгүй энэ бол үсрэлт биш, гэшилгийн хэв маяг дээр ажиллах ч юм уу, өөр ямар нэг зүйл байж болох юм. Г эхдээ энэ бүхэн үсрэлтийн дасгал сургуулилтаас хавьгүй илүү их цаг хугацаа шаарддаг. Илүү тодорхой юм ярихын тулд Женяг Канадад ирэхийг, гулгуурын талбайд гарахыг, мөсөн дээр ямар байхыг нь харахыг одоохондоо хүлээх хэрэгтэй байна. Одоогийн шатанд хамгийн чухал нь бие бялдраа бэлтгэх явдал. Тамирчин урагшаа хөдөлж байхын тулд жинхэнэ ёсоор хүч тэнхээтэй байх ёстой.

-Сэтгэл санааны хямралын үр дагавартай та аль хэдийнээс л ажиллаж байсан байх?

-Тэгэлгүй яах вэ, гэхдээ ийм хямрал бол байдаг л нэг ердийн зүйл гэж хэлж чадахгүй. Юна Ким анх манай бүлэгт ирэхэд янз бүрийн бэртэл гэмтэл байсан. Гол төлөв үе мөч, нурууны дисктэй холбоотой. Шагай, тавхайн дээд хэсэгт харин бэртэл гэмтэл харьцангуй бага байсан. Зөвхөн энэ бүх бэртэл гэмтлийн асуудлыг шийдэхийн тулд бид их цаг зарцуулсан. Юна эмчилгээнд явж, зөвхөн өөрт нь зориулсан дасгал хөдөлгөөнөөс сонгож хичээллэж байсны үрээр түргэн сайжирч, гулгах үеийн өвдөлт бүр мөсөн алга болсон.

Эхний хоёр жилд Юнагийн сэтгэлийг нуруу, хөл, аарцаг, ташаа, дунд чөмөг хавийн үений өвдөлт их зовоож байсан бол сүүлийн хоёр жилд тэрээр ноцтой бэртэл гэмтэл огт аваагүй. Тиймээс иймэрхүү асуудлаар миний гайхшийг барах эсвэл айлгаж түгшээх боломжгүй. Зүгээр л хэсэг хугацаанд бид их тэвчээртэй байх хэрэгтэй. Аз болоход ямар ч хүнд асуудлыг давж туулахад нь тамирчдад туслах чадвартай мэргэжилтнүүд бидний мэдэлд хангалттай бий.

-Медведева хоёр жил дараалан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Таны бодлоор юу түүнийг илүү хүчтэй болгож, дахин нэг алхам урагш ахих боломж олгох бол?

-Юуны өмнө энэ бол түүний бие. Бие бол аливаа тамирчны гол зэвсэг. Бие хүч тэнхээтэй, сайн бэлтгэгдсэн байх ёстой. Юу чухал гэж бодож байна. Женя бол цэл залуухан тамирчин, дөнгөж 18 настай. Гэхдээ энэ бол тамирчин хүн өөрийн гэсэн үзэл бодолтой байх эрхтэй. Түүнтэй ажиллаж байгаа аливаа мэргэжилтний нэг адил багийн бүрэн эрхт гишүүн гэдгээ ойлгох ёстой нас. Дараа дараагийн олимпт түрүүлэх Медведевагийн зорилгыг би сайн ойлгож байна.

Олимпын тоглолтод хүрэх замд дэлхийн аварга шалгаруулах гурвын гурван тэмцээн тохионо. Тэр бүгдэд нь түрүүлж чадах уу, үгүй юү, бүү мэд. Надад бүгдийг нэвт хардаг болор бөмбөлөг байгаа биш. Медведева одоо салаа замын уулзвар дээр байна. Энэ цаг үеийг амжилттай туулж гарахад нь бид багаараа боломжтой бүхнийг хийх болно.

Олон зүйлийг тэр гайхалтай сайн хийж сурсан. Ялангуяа, үсрэлтүүдийг. Тэр маш ухаалаг, үүнийг зарим утгаар сэтгэл зүйн “зузаан хуяг”-тай ч гэж хэлж болох юм. Дээр нь Женя өрсөлдөж чаддаг, тэмцэх хүсэл тэмүүлэлтэй. Бусад тамирчны хувьд ийм өрсөлдөгч амархан “боорцог” биш. Энэ талаараа Медведева надад Юна Кимтэй тун адилхан санагддаг юм.

Үүний хажуугаар би Женягийн тэшилтийн зарим нэг хэсгийг илүү хүчтэй болгох орон зай хангалттай их байна гэж хардаг. Үүнийг хийхэд цаг, хүч, ухаан хэрэгтэй. Гэхдээ Женя өөрөө ийм адал явдалтай нүүр тулахад дотоод сэтгэлээрээ бэлэн байгаа нь баярлууштай. Өөрөө хүсч тэмүүлнэ гэдэг тамирчин хүний хувьд хамгийн гол нь гэдгийг та ойлгох байх.

-Таны дээр дурдсан Татьяна Тарасова ид идэвхтэй ажиллаж байх үедээ өмнөх дасгалжуулагчаасаа яагаад явах болсныг нь тодруулалгүйгээр нэг ч тамирчныг өөртөө авдаггүй гэж ярьсан. Та энэ сэдвээр Медведевагаас асуусан уу?

-Үгүй. Дасгал сургуулилт хийдэг байсан дасгалжуулагчийнхаа штабын талаар Женя туйлын хүндэтгэлтэй ярьснаараа өнгөрсөн зүйлийн талаар сөрөг ямар нэг зүйл ярихгүй гэдгээ ойлгуулсан. Миний бодлоор энэ бол зүй ёсны хэрэг гэж бодож байна. Уран гулгагч хүн хоёрын хоёр удаа дэлхийд хамгийн хүчтэйгээ нотолно гэдэг бол глобал утгаараа түүний бэлтгэл зөв зүйтэй байсныг л харуулж байгаа хэрэг.

Этери Тутберидзе ямар арга замаар ийм төвшний шинэ шинэ тамирчдыг гаргаж тавьсаар байгааг дэлхийн бүх дасгалжуулагч хүсдэг байх гээд хэлчихвэл алдас болохгүй болов уу гэж бодож байна. Яаж ингэж чаддаг юм бол. Бэлтгэл сургуулилт дээр яг юу хийдэг юм бол.

МИНИЙ ХУВЬД НАСАНД ХҮРСЭН ТЭШИЛТ Л СЭТГЭЛД ИЛҮҮ ОЙР БАЙДАГ ЮМ

-Гэсэн хэдий ч та идэрчүүдийн өнөөгийн дэлхийн аварга Александра Трусовагийн талаар (дөрвөлсөн эргэлттэй үсрэлтийг хоёр удаа үйлдсэн шүү дээ) нэг их удаан үргэлжлэх төсөл биш хэмээн жаахан өөдрөг биш зүйл ярьсан байсан?

-Яг ч бас тийм биш шүү. Эмэгтэй гулгагчдын насны хязгаарыг дээшлүүлж болох тухай яриа өрнөсөн юм. Каролина Костнер, Юна Ким шиг охид, эмэгтэйчүүд бол өөр хоорондоо эрс ялгаатай ангилал шүү гэж би ярьсан юм. Би дөрвөлсөн эргэлттэй үсрэлт хийдэг арван 13 эмэгтэй тамирчдын эсрэг ямар нэг зүйл бодоогүй. Миланд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр та надаас олон улсын тэшүүрчдийн холбоо (ISU) насны хязгаарыг дээшлүүлээсэй гэж хүсэх үү гэж асуухад тань би “Үгүй” гэж хариулсныг санаж байгаа биз дээ? Дөрвөлсөн эргэлттэй үсрэлтийг бүх төрлөөр хийдэг 13 настай хүү манай бүлэгт бий.

Тамирчин хүний хувьд спортод хэр удаан байх нь хүн бүрийн онцгой хувийн асуудал байдаг. Зарим тамирчны хувьд нэлээд хожуу төгөлдөршиж хөгждөг бол зарим нь бүр багадаа тодордог. Миний хувьд насанд хүрсэн тэшилт л сэтгэлд илүү ойр байдаг юм. Гэхдээ би охид, хөвүүдийн аль нь ялгаагүй, 13-14 насандаа дөрвөлсөн эргэлттэй үсрэхийг зөв гэж хэлэхэд бэлэн биш байна. Энэ бол нэг л аймшигтай санагддаг юм. Харин дасгалжуулагчид бид үе мөч нь ургаж, өсч төлжиж байгаа тамирчны бие махбодтой тун болгоомжтой харьцах ёстой гэдэг бол огт өөр асуудал юм шүү.

-Асуултыг арай өөрөөр тавья. Зарчмын хувьд та дөрвөлсөн эргэлттэй үсрэлтийг насанд хүрсэн эмэгтэйчүүдийн гулгалтын төвшинд л байж болох зүйл гэж үзэж байна уу. Ийм байлгахын төлөө тэмүүлэх утга учир бий юу?

-Энэ асуултад өгөх бэлэн хариулт надад алга. Дээр хэлсэнчлэн нэвт шувт хардаг болор бөмбөлөг ч алга. Магадгүй, үүнийг аз болоход гэж хэлж ч болох юм. Эмэгтэй уран гулгагчдын цаашдын хөгжил ямар чиг хандлагаар явах нь вэ. Эрэгтэйчүүдийн уран гулгалтад гарсан чиг хандлагыг давтах нь уу, үгүй юү гэдгийг бид хүлээцтэй ажиглах л үлдэж байна даа. Бүрэн итгэлтэй хэлж чадах ганц зүйл бол юутай ч эмэгтэй бие махбод бол эрэгтэйчүүдийнхээс ялгаатай.

Тиймээс улам хэцүү нарийн болгох үйл явц тийм ч хурдтай биш явж байна. Ер нь тийм зорилго байгаа юу гэж асуувал тийм гэж шулуухан хариулж бас чадахгүй. Дасгалжуулагч хүний хувьд өөрийнхөө зорилгыг би юуны өмнө эмэгтэй уран гулгалтын хөгжил гэж харж байна. Хамгийн шилдэг үлгэр загвар гэвэл Кейтлин Осмонд, Габи Дейлмэн, Каролина Костнер, Ким Юна нарын тэшилт гэж бодож байна. Тэд түүхэнд бичигдэх нэртэй хүмүүс.

-Медведева тан руу шилжсэнээр түүний бүх хөтөлбөрийг Дэвид Уилсон дэглэж тавина гэсэн үг үү?

-Торонтод бидэнд үгээр хэлэхийн аргагүй аз гийсэн зүйл бол янз янзын арга барилаар ажилладаг хэд хэдэн гарамгай дэглэн найруулагчтай болсон явдал юм. Европт, Японд, Орост ийм өндөр төвшин, ангиллын мастерууд байдаг л байх. Тэгэхдээ Канадаас тэдэнд хүрнэ гэдэг тэр болгон тийм ч амар хялбар биш, за тэгээд одоо тэгэх шаардлага ч бидэнд алга.

Манайд Уилсон, Шэ-Линн Бурн, Лори Никол, Жеффри Баттл байна. Юзуру (Ханю) гол төлөв Шэ-Линн, Жефф нартай ажилладаг бол Хави харин өөрөөс нь өмнө Юна Ким ажилладаг байсан шиг зөвхөн Дэвидтэй ажиллаж байна. Тэгээд энэ үе шатанд би Ким дээр амжилттай туршиж хэрэглэсэн бүжгийн тэдгээр тавилыг Медведеватай ажиллахдаа ашиглах юмсан гэж бодож хүсч байна.

-Энэ бол ердийн л байдаг зүйл байх. Та тамирчиндаа ямар нэг тодорхой зөвлөгөө өгдөг үү. Аль эсвэл уран гулгагч ямар бүжиг дэглэгчтэй ажиллахаа өөрөө тодруултал хүлээдэг үү?

-Тохиолдол бүр нөхцөл байдлаас шалтгаалдаг. Ханютай дөнгөж ажиллаж эхлэх үед түүний бүх тавилыг Дэвид хийдэг байсан. Бүжгийн талд ямар нэг шинэ зүйл туршиж үзэхийг хүсч байгаагаа ойлгож мэдрэх хүртэл Юзуруд тодорхой цаг хугацаа шаардлагатай байсан. Ингээд удалгүй Шэ-Линн гарч ирсэн. Тэдний хооронд гар, сэтгэл нийлсэн гайхалтай сайн бүтээлч химийн урвал буюу үйл ажиллагаа бий болсон юм.

Хави ч гэсэн Дэвид Уилсонтой гайхалтай гар нийлж, үнэхээр сайхан зүйлийг олж сэтгэх болцгоосон. Би харин аялгуу хөгжим сонгоход тусалж, хувцасны дизайныг бүтээлцэж, бүжиг дэглээчтэй хамтарч алхмууд, холбоосуудыг хянах, үсрэлт хийх оролтын өвөрмөц онцлогийг тайлбарлах гэх мэтээр энэ бүх үйл явцад цаг үргэлж идэвхтэй оролцоно. Хөтөлбөрт аксель юм уу лутцыг маш сайхан шигтгэж оруулахад ямар оролт илүү тохирох вэ гэдгийг ойлгож мэдрэхгүйгээр хөтөлбөр найруулан тавьж болохгүй шүү дээ.

ОЛНЫ ЯРЬДГААР НЭГ НОМЕРЫН ХҮН БОЛ ЭЭЖ

-Медведеваг ямар тэмцээнд оролцуулах талаар та аль хэдийнээ бодчихсон байх?

-Энэ талаар миний төсөөлөл бусад хүнийхээс онц ялгарна гэж хэлэхгүй. Юу ч гэсэн энэ зуны ажил ямар болох нь вэ, түүнээс хамаарч шийдвэрээ гаргана. Намрын эхээр Autumn Classic, Finlandia Open ч юм уу, B цувралын ямар нэг тэмцээнд Женяг оролцоосой гэж би хувьдаа хүсэж байна.

Дараа нь Гран-при шатны хоёр тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. За тэгээд мэдээж, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн байна. Ерөнхийдөө Медведевагийн өмнөх жилүүдтэй л адилхан даа. Цорын ганц ялгаа нь хашлаганы дэргэд харин би зогсох болно.

-Та Женятай хамт Орос руу явахаар төлөвлөсөн үү?

-Тэгэлгүй яах вэ. Бид хаана ч байхгүй хосгүй ертөнцөд амьдраагүй гэдгээ ойлгож байна. Учир нь өөр бусад уран гулгагч бий. Тэдний тэмцээн цаг хугацааны хувьд давхцаж болно. Тийм үед Трейси, Дэвид бид нар хаашаа явах вэ гэдгийг тусад нь төлөвлөх хэрэгтэй болох байх. Гэхдээ юутай ч Медведеваг мөсөн дээр биечлэн хөтөлж гаргах юмсан гэж хүсэлгүй яах вэ дээ.

-Асуухаа мартчихаж, Женягийн ээж Канадад ирэх болов уу?

-Үнэнийг хэлэхэд ирнэ гэж их найдаж байна. Миний хувьд энэ бол маш чухал. Миний ойлгож амжсан нэг зүйл бол Женя ээжтэйгээ маш ойр дотно юм байна гэдгийг мэдсэн. Жаннагаас өөр хэн ч түүнийг илүү сайн мэдэхгүй. Олны ярьдгаар нэг номерын хүн бол ээж. Бүх зүйл аятайхан сайн болно байх гэж би бодож байна.

Зураг