Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үйлдвэрүүдийг өөр гарагт нүүлгэж, дэлхийг зөвхөн амьдрах гараг болгоно гэв

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Амазоны босс Жэф Безос хүн төрөлхтөн бүх хүнд үйлдвэрүүдээ өөр гараг, сар руу нүүлгэж, дэлхийг зөвхөн амьдрах газар болгох ёстой гэж саяхан болсон сансар судлалын хурал дээр хэлжээ.

Түүний үзэж байгаагаар манай дэлхий нь зөвхөн хүн амьдрах, зарим хөнгөн үйлдвэрлэлийн салбарууд үлдэх газар болох ёстой гэнэ. Энэ төлөвлөгөөний хүрээнд Безосын Blue Origin компани NASA, Европын Сансрын Агентлагтай хамтран саран дээр колонийн бүс байгуулахаар ажиллаж байгаа ажээ.

Дэлхийд хамгийн ойр, усны нөөцтэй сарыг колоничлох нь эхний ээлжинд хамгийн хялбар байх гэнэ.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд багагүй цаг хугацаа орох тул Безосын компани ойрын үед сансарт хөөрөх зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах зорилготой ажиллаж байгаа гэжээ.

Илон Маскын SpaceX компани Ангарагийг колоничлоход үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа бол Blue Origin илүү ойрын зайн аялалд гол анхаарлаа хандуулж байгаа юм.

Эцсийн зорилго нь хүмүүс дэлхийгээ хүссэн үедээ орхиж явах чадвартай болох ёстой. Ингэвэл хүссэн нь өөр гарагт суурьшиж, нөгөө хэсэг нь дэлхий дээрээ зөвхөн амьдрахаар үлдэх юм. Харин хүнд үйлдвэрлэлийн салбарыг тэр чигт нь дэлхийгээс нүүлгэнэ гэж Безос зөгнөж байна.

“Манай дэлхий бол хүнд аж үйлдвэрт тийм ч тохиромжтой газар биш. Одоохондоо дэлхийгээс өөр сонголт алга. Харин тийм ч хол биш ирээдүйд, магадгүй 100 жилийн дотор, өнөөдөр дэлхий дээр хийж байгаа маш олон зүйлийг сансарт хийхэд илүү амар болно” гэж тэр хэлсэн байна. Ингэхдээ нарны эрчим хүчийг ашиглана гэж Безос тооцжээ. Нарны эрчим хүчний бүтээмж нь дэлхий дээр гаргаж авснаас сансарт гаргаж авах нь илүү үр өгөөжтэй гэж тэр үзэж байна.

 

Эх сурвалж: Independent